Т.Баярхүү: Гадаадын хуулийн фирм манай улсын хуулийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй

Амаржаргал
2020 оны 2-р сарын 18 -нд

Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэргүүдийн явц байдлын талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүтэй уулзаж тодрууллаа.

-Өнгөрсөн 1 дүгээр сард 20 хэрэг шүүхэд шилжүүлсэн гэсэн мэдээлэл танай цахим хуудсанд тавигдсан байна. Та жаахан дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2020 оны 1 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 126 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 126 гомдол, мэдээллээс 68 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 41 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж шийдвэрлэсэн байна. Энэ оны 1 дүгээр сард 579 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.

Нийт шалгасан хэргээс эхний 2 сард 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Үүнд:

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь, “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэрэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэрэг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Д.Бямба-Очирт холбогдох хэрэг, Зам тээврийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт холбогдох хэрэг, НӨХГ-ын орлогч дарга Д.Ариунбаатарт холбогдох хэрэг, “Хейлан Жиан” ХХК-ний захирал Лю Хунг Ниэнд холбогдох хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

АТГ өөрийн үйл ажиллагааны талаар хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг тогтмол олон нийтэд өгсөөр ирсэн. Энэ нь нэг талдаа буруу ташаа мэдээлэл түгээхээс урьдчилан сэргийлдэг. Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр манайд шалгагдаж байсан хэргийн баримт, мэдээлэл гарч байгааг та бүхэн мэднэ. Хэрэг шалгагдаж дуусахад хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулдаг. Хэрэгт авагдсан материалуудтай өмгөөлөгчийн хамт танилцаад өөрт шаардлагатай гэсэн баримтыг өөрөө хуулбарлан авдаг. Энэ ч утгаараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэргийн зарим мэдээ, баримт гарч байгаа байх гэж харж байгаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна