Тайланд, Малайз улсууд “Westerdam” хөлгийн зорчигчдыг хүлээж авахгүй

Амаржаргал
2020 оны 2-р сарын 18 -нд

Нидерландын “Westerdam” аяллын хөлөг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас эхлэн Камбожийн боомтод зорчигчдоо буулгаж, гэр гэрийнх нь зүг нисгэж эхэлсэн билээ.

Хөлгийн зорчигч, ажилтан нийлсэн 2,200 гаруй хүний дунд шинэ коронавирусийн халдвар илрээгүйг тухайн үед мэдээлж байв. “Westerdam” хөлөг Азийн таван улс орноос боомтод нь нэвтрэх зөвшөөрөл авч чадалгүй 14 хоног далайд хөвсний эцэст Камбож улс хүлээж авахыг зөвшөөрсөн юм.

Тэгвэл тус хөлгөөс газардсан эхний бүлэг зорчигчид Бямба гарагт Малайзын нийслэл Куала Лумпураар дайрах үед 83 настай АНУ-ын иргэн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Түүнтэй хамт нийт 144 зорчигч Куала Лумпурт иржээ.

Энэ тохиолдлын дараа буюу Ням гарагт Малайз улс дахин “Westerdam” хөлгийн зорчигчдыг газар нутгаараа дамжин өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Тэгвэл өнөөдөр Тайланд улс мөн “Westerdam” хөлгийн зорчигчдыг хүлээж авахгүй байх шийдвэр гаргажээ. Камбожийн боомтод буусан олон зуун зорчигч өнөөдөр дэлхийн гурван тив рүү (Америк, Европ, Австрали) ниссэн мэдээлэл байна.

АНУ-ын иргэн эмэгтэйгээс халдвар илэрсний дараа “Westerdam” хөлгийг эзэмшигч Holland America компани зорчигчид нь ямар замаар хаашаа ниссэн тухай мэдээллийг улс орнуудын засгийн газруудтай хуваалцаж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна