Баасан гарагийн байдлаар дэлхий даяар 100,000 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг Жон Хопкинсийн их сургуулиас гаргасан тоо баримт харуулжээ.
Үүнээс гадна шинэ коронавирусийн халдварын 1.6 сая батлагдсан тохиолдол дэлхий даяар бүртгэгдсэн байна.
Оношлуур хүрэлцээгүй байгаагаас халдварын бодит тоо үүнээс ч илүү гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Дэлхийн улс орнуудыг Итали улс бараг 19,000 эндэгдэлтэй тэргүүлж байгаа бол араас нь АНУ 18,000, Испани 16,000, Франц 13,000, Их Британи 9,000 орчим эндэгдэлтэй удаалж байна.
АНУ нийтдээ 480,000 орчим батлагдсан халдварын тохиолдолтой байгаа нь дэлхийн бүх улс орнуудаас хамгийн муу үзүүлэлт болжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хөл хорионы дэглэмийг цуцалж, эдийн засгаа идэвхжүүлж эхлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаагаа Баасан гарагт мэдэгдсэн байна.
“Би шийдвэрээ удахгүй гаргана. Бурхан надад зөв шийдвэр гаргахад туслана гэж би найдаж байна. Энэ бол миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр байх нь гарцаагүй” гэж тэр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Энэ оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдох зорилготой байгаа Дональд Трампын хувьд АНУ-ын эдийн засгийг зогсонги байдлаас аль болох богино хугацаанд гаргах нь чухал байгаа.
Харин АНУ-ын халдварт өвчин судлалын топ эксперт, доктор Энтони Фаучи үүний эсрэг бодолтой байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Хэдийгээр тус улсад шинэ коронавирусийн тархалт саарах шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн ч хорио цээрийн дэглэмийг цуцлахад хэтэрхий эрт байгааг Фаучи анхааруулсан байна.
“Эртэдсэн шийдвэр гаргавал бид тахлын нөхцөл байдлыг буцааж дордуулах эрсдэлтэй” гэж тэр хэлсэн юм.
Европ тивд коронавирус хамгийн эрчимтэй тархаж байгаа нэг улс нь Их Британи болоод байна.
Баасан гарагт тус улсад 980 хүн халдвараар нас барсан нь Итали улсын оргил үеийн эндэгдлийн тоог давсан үзүүлэлт болжээ.
Европын цар тахлын хамгийн том голомт Итали улсад гуравдугаар сарын 27-ны өдөр 969 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.
Тэр үеэс хойш Италид эндэгдлийн тоо өдрөөс өдрөрт буурч байгаа. Баасан гарагт энэ улсад 570 эндэгдэл бүртгэгдсэн нь өмнөх өдрийн 610-аас буурсан үзүүлэлт болжээ.
Их Британид өнөөдрийн байдлаар нийт 74,000 халдварын тохиолдол бүртгэгдэж, 9,000 орчим хүн амиа алдаад байна.
Баасан гарагийн шөнө дундаас эхлэн Турк улсын нийт 31 хотод 48 цаг үргэлжлэх хөл хорио тогтоосон нь коронавирусийн тархалтыг сааруулах зорилготой арга хэмжээ байв.
Тус улсад сүүлийн байдлаар 47,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,000 гаруй хүн нас бараад байна.
Баасан гарагт Вьетнамын шүүхээс амны хаалт зүүхийг эсэргүүцсэн эрэгтэйд есөн сар шоронд хорих шийтгэл оноожээ.
30 настай Дао Шуан Ан хэмээх залуу амны хаалт зүүх шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн хоёр ажилтны биед халдсан юм байна. Вьетнамын засгийн газар энэ долоо хоногоос эхлэн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн, зөрчсөн хүмүүст оноох шийтгэлээ нэмэгдүүлсэн юм.
Коронавирусийн халдварын тоогоор тэргүүлж байгаа дэлхийн 10 улсын тоо баримтууд сүүлийн байдлаар:
| Улсууд | Халдварын тохиолдол | Эндэгдэл | Харьцаа |
1 | АНУ | 486,994 | 18,022 | 4>#/p### |
2 | Испани | 157,053 | 15,970 | 10>#/p### |
3 | Итали | 147,577 | 18,849 | 13>#/p### |
4 | Франц | 125,930 | 13,215 | 10>#/p### |
5 | Герман | 120,157 | 2,688 | 2>#/p### |
6 | Хятад | 83,004 | 3,336 | 4>#/p### |
7 | Их Британи | 74,605 | 8,974 | 12>#/p### |
8 | Иран | 68,192 | 4,232 | 6>#/p### |
9 | Турк | 47,029 | 1,006 | 2>#/p### |
10 | Бельги | 26,667 | 3,019 | 11>#/p### |
Эх сурвалж: AFP, Associated Press, Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна