Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 925.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.3%-аар өсжээ

Амаржаргал
2020 оны 2-р сарын 18 -нд

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын Эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулах үеэр мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээллээ.

Тодруулбал, мөнгөний нийлүүлэлт 2020 оны нэгдүгээр сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 их наяд төгрөгөөр буюу 4.6 хувиар өсжээ. Үүнд,

  • Төгрөгийн хадгаламж 667.8 тэрбум төгрөгөөр,
  • Валютын хадгаламж 611.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламжийн хувьд энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 10.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх сараас 271.6 тэрбум төгрөгөөр буюу 2.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 667.8 тэрбум төгрөгөөр буюу 6.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Төгрөгийн хадгаламжийн

  • 85.6% нь (9.3 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 14.4% нь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. 

Валютын хадгаламж 3.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 73.3 тэрбум төгрөгөөр буюу 2.1%-аар, өмнөх оны мөн үеэс 611.5 тэрбум төгрөгөөр буюу 20.8%-иар өсжээ. 

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 871.7 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 9.4 (52.2%) их наяд төгрөг нь иргэдийн,
  • 8.6 (47.8%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын зээл байгааг хэлэв. 

Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 925.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 101.2 (12.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 90.6 (10.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна