У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаа биелүүлж, эдийн засгаа идэвхижүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэллээ. Засгийн газрын энэхүү дэмжлэгт ямар аж ахуйн нэгж болоод иргэн хамрагдах нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь уг татварын дэмжлэгт хамрагдах юм. Харин үлдсэн 0.1 хувь нь алтны компани байгаа юм. Засгийн газар хэлсэн үгэндээ “эзэн” болж эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цагт дараахь аж ахуйн нэгж, иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Тодруулбал,
Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн хувьд журамд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгалд нь энэ хугацаанд төлснөөр бичилт хийгдэх юм.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуульд ажиллаж байгаа иргэд мөн дээрх хугацаанд цалингаа бүтнээр нь авах боломж бүрдэж байна. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй байх зохицуулалт хийгдэж байна.
Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор ганцхан Монгол Улс ч биш дэлхий эдийн засаг, нийгмийн харилцаа сорилтын өмнө тулж ирээд байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар энэ бэрхшээлийг олж харж, иргэд болоод аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөлж, эрсдэлт цаг мөчийг хамтдаа эвийн хүчээр даван туулах шийдвэрүүдийг ар араасаа гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ.
С.Өрлөгжанжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна