БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л.Дашиймаагийн мэдэгдэл

Отгоо
2020 оны 4-р сарын 22 -нд

                                                                                                                                       

Миний бие хүүхэд, хүүхдийн бөөрний эмч мэргэжилтэй. Анагаах ухааны Доктор, клиникийн Профессор, хүүхдийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй.  Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил  тасралтгүй  ажиллаж байна.

            Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт (Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв) ажиллаж байгаад БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар БГДЭМТ-ийн салбар Хүүхдийн эмнэлэгт ирж ажиллах санал тавьсны дагуу  2019 оны 12 сараас ирж ажилласан. Тухайн үед томуугийн дэгдэлт ихтэй, маш их ажилтай хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо 340 хүрч байсан үе.

            Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ-ийн, дүүргийн эрүүл мэндийн төвийн  хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд баримтлах журам, дүрмийг  мөрдөн, мэргэжлийн хүрээнд шаардлага тавьж  тус  дүүргийнхээ  эмнэлгийн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахаар хичээн ажилласаар байгаа билээ. Үүний дүнд олон ажил гүйцэтгэж,  хүүхэд эмчлэх эмчилгээ үйлчилгээ аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан орчин бүрдүүлж, ажиллагсдын ажиллах орчин  болон өвчтөнүүдийн эмчлүүлэх орчинг  сайжруулсан. Илүү сайжруулах зорилтын хүрээнд мэргэжлийн шаардлага, стандартад нийцүүлэн ажилласаар байна. Бидний ажиллаж буй орчин ирээдүй, хойч үе болсон бяцхан иргэдийн маань энх тунх байдлыг хариуцлагатай сахин ажиллах шаардлага үргэлж тулгарч байдаг тул цаашид ч хийхээр төлөвлөсөн олон ажил бий.

            Гэсэн ч эдгээр зүй ёсны шинэчлэлтүүд, сайжруулалт шаардлагатай ажлууд зарим  хүнд таалагдахгүй байх тохиолдол гардаг. Тухай бүрт зөвлөлдөж, сайжруулаад явдаг нь аль ч албан байгууллагын  төлөвшилд байх шаардлагатай хэм, хэмжээ билээ.

Тусламж үйлчилгээнд удаа дараа алдаа,  дутагдал гаргасан эмч өчигдөр телевизээр уйлаад ярьж суугааг харлаа. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийн шинжилгээ авч шинжилдэг лабораторийн өрөөнд хууль бусаар нэвтэрсэн сувилагч маш хариуцлагагүй мэдэгдэл хийжээ. Дээрх хоёр ажилтан ажлын бус цагаар лабораторийн ажилтан тарсан үед лацтай лабораторийн өрөөний түлхүүрийг жижүүр түр амсхийх үед  үүдэнд ажиллаж байсан туслах сувилагчаар авахуулан лацыг нь эвдэн орсон юм.  Лабораторид байсан комьютерийг тодорхойгүй зорилгоор  нээх гэж оролдсон зэрэг нь эмч, эрүүл мэндийн ажилтанд байж болшгүй бөгөөд эмчлүүлэгчдийн аюулгүй байдалд халдах гэж оролдсон үйлдэл юм. Олон хүүхдийн шинжилгээний дээж, хариу  байгаа лабораторит хууль бусаар, нууцаар нэвтрэх нь тэдний аюулгүй байдалд ч заналхийлж байгаа ёс зүйн алдаа ч гэж үзэх үндэслэлтэй билээ. Энэ зохисгүй үйлдлийг Эрүүл мэндийн төвийн дотоод хяналт шалгаж  удирдлагын хурлаар  авч хэлэлцэж  байгууллагын дотоод журам зөрчсөн гэж үзээд журмын дагуу арга хэмжээ авсан бөгөөд алаас халсан асуудал байхгүй.  Эдгээр хүмүүс хурал дээр энэ үйлдлээ барим, тавин зөрүүтэй мэдээллэж байсныг ч хуралд байсан бүрэлдэхүүн сонссон.

            Миний бие өнөөдрийг хүртэл салбарынхаа эмч мэргэжилтнүүдтэй ёс бусаар харилцаж байсан удаагүй.  Эрүүл мэндийн салбарынхаа стандартыг чанд  мөрдөж  мөр зэрэгцэн ажиллаж яваа хамт олондоо хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ зохих ёсны шаардлага тавьсаар ирсэн. Хувь хүний төлөвшил, мэргэжлийн ёс зүйд маань хариуцлагатай байх, чадвартай байх, өөрийгөө үргэлж хөгжүүлэх шаардлага үргэлж тавигддаг. Үеийн үед хамтран ажиллаж байсан удирдлагууд болон одоо  хамтран ажиллаж байгаа удирдлагаас ч дээрх шаардлагуудыг хатуу тавьдаг юм.

            Бидэнд хийх ажил их байна. Ялангуяа КОВИД 19 халдвар дэлхий дахинд пандемик болж  бүх эрүүл мэндийн ажилтнууд өндөр хариуцлагатай байх ёстой үе ирчихээд байна. Алхам бүхэн хариуцлага нэжэж байгаа энэ үед нэгэн дээвэр дор байгаа хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон хүүхдийн эрүүл мэндэд заналхийлсэн хариуцлагагүй, хуумгай мэдээлэл тарааж байгаад эмч хүний хувьд тун харамсалтай байна. Хэдий бидэнд дотоод асуудлууд өдөр тутам тулгардаг ч эдгээрийг аль болох шуурхай арга хэмжээ авч шийдвэрлэсээр ирсэн.

Яг одоо бид эмнэлэг дээрээ ”нярайн тасаг”  байгуулах ажлыг  ид өрнүүлж  байна. Эмч, сувилагчдаа нярайн чиглэлээр ур, чадварын сургалтанд хамруулж байгаа. Дүүргийнхээ иргэдэд хүндрэлгүй, шуурхай үйлчлэх нярайн тасаг байгуулж нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд анхааран бэлтгэл ажлууд хийгдэж  байгаа цаг завгүй энэ үед бид тус бүрийн ажилдаа хариуцлагатай байх нь чухал байна.

БГДЭМТ-ийн салбар хүүхдийн эмнэлгийн дарга Л. Дашиймаа

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна