Д.Сарангэрэл: Түрээслээд өмчлөх орон сууцны 80 хувийг эмч, эмнэлгийн ажилтнуудад олгож өгөөч

Отгоо
2020 оны 4-р сарын 29 -нд

“Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: ШИНЭ намаас гурван санал оруулсан. Байнгын хорооны хуралдаанд цөөнх болсон боловч гишүүд дэмжих талдаа байгаа юм. Бидний саналыг ямар хэлбэрээр дэмжих боломж ямар байна вэ? Цар тахлын үеэр бүтэн хуралдаж хуулиа гаргалаа. Одоо тогтоолын төслөө батлах гэж байна. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад ямар нийгмийн халамж ирж байгааг хуулиар тодорхойлсон. Одоо эдийн засгийн талаас ямар дэмжлэг үзүүлэхийг бизнес эрхлэгчид чих тавьж байна. 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалттай 250 хүртэлх ажилтантай ААН-үүдэд урмын үг дэмжлэг хэрэггүй. Харин бодитой жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна. Энэ тал дээр Засгийн газар ажиллах боломжтой. Гэтэл Засгийн газрын тайлбар байхгүй гээд байх юм. Мөн малчдад дэмжлэг хэрэгтэй байна. Бидний санал бүсээр ялгаварлахгүй, ижил зарчмаар хандах ёстой. Гуравдугаарт ахмадууд хамгийн өндөр эрсдэл үүрч байна. Бид тэтгэврийн зээл гээд ялгавартай хандсан. Нэлээд тэмцэл хийж байж зээл аваагүйгээрээ ухаан муутай, азгүй ахмадуудад үнэт цаас олгохоор болсон. Үүнийг хоёрдугаар улиралд багтааж дэмжих арга байна уу. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН-ын хэдэн гишүүн кг ноолуур бүрт 20 мянган төгрөгийн нэмэгдэл өгнө гээд мэдэгдээд байх юм. Танай Засгийн газраас кг ноолуурыг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гээд зарлачихсан шүү дээ. Ч.Улаан сайд чинь үнэ тогтоогоод үнийг нь унагачихсан шүү дээ. Одоо тэгээд 20 мянган төгрөг гэж юу яриад байгаа юм бэ. Зах зээлийнх нь зарчмаар явуул л даа. 200 мянган малчдаар яах гэж тоглоод байгаа юм бэ. Одоо 20 мянган төгрөг гээд ноолуурын үнийг бүр унагачихлаа. Шинэ коронавирусийн халдварын үед иргэдийг ялгаварлахгүйгээр дэмжих бодлого барих ёстой. Эмч байна уу, тариаланч байна уу, малчин байна уу ялгаагүй шүү дээ. Ийм улс төр хийхээ боль. Төрийн зохицуулалт хийж болдог зүйл бий болохгүй зүйл бий. Энэ тогтоолын төслөө татаж ав. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж тогтоолын төслийг оруулж ирсэн. Засгийн газраас, Ч.Улаан сайд ноолуурын үнийг бүсчилэн тогтоож, кг нь 100 мянган төгрөг гэж тогтоосон зэрэг шийдвэр гаргасан. Ч.Улаан сайдын хувьд хорлон сүйтгэх бодлого байгаагүй. Ноолуурын үнийг хамгаалахын тулд төрөөс доод үнийг тогтоож, малчдаа хамгаалах бодлогыг эхлүүлсэн. Гэвч одоогийн нөхцөл байдалд зээл авах гэж буй ААН-үүд шаардлага хангахгүй, гаднын хөрөнгө оруулагч байхгүй нөхцөл бий болсон. Тиймээс УИХ-аас байгуулсан ажлын хэсэг олон талаас нь судлаад гажуудлыг засварлахаар тогтоолын төслийг боловсруулсан. Циклийн хувьд ингэж таарч байгаа болохоос биш энэ асуудлаар улс төр хийгээгүй. 

Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны зээлийг эмч эмнэлгийн ажилтнуудыг  хамруулахаар төсөлд тусгасан байсан ч хасагдсан байгаа тул эмч, эмнэлгийн ажилтан гэж нэмэх саналыг Эрүүл мэндийн сайд оруулав. Мөн тэрбээр түрээслээд өмчлөх орон сууцыг тогтоолын төсөл батлагдмагц хэрэгжүүлж эхлэх боломж байгаа эсэхийг тодруулав. 

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Тогтоолын төсөлд анх байснаараа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн тусгай албан хаагч гэх нь зүйтэй санагдаж байна. Цагдаа, онцгой зэрэг байгууллагууд эрүүл мэндийн салбарынхнаас илүү алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаардаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хүнд байна. 4000 орон сууцанд төрийн албан хаагчдын оруулна гэж байна. Үүний 80 хувьд нь эрүүл мэндийн салбарынхныг хамруулах хэрэгтэй. Бусад салбарынхан өөр өөрсдийн салбарын орон сууцжуулах хөтөлбөрт тодорхой хэмжээнд хамрагддаг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд ийм боломж байдаггүй. Үүнийг УИХ-ын дарга анхааралдаа аваасай гэж хүсэж байна. 

Бололцоо бүрдсэн бөгөөд Засгийн газраас 34 тэрбум төгрөгийг НОСК-д шилжүүлснээр ажил хэрэг болох боломжтой гэв. Шууд айл орох боломжтой 4000, баригдаж буй 60 мянган айлын орон сууц байгаа гэдгийг УИХ-ын дарга мэдээллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: 100 мянган төгрөгөөр ноолуураа өгсөн малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгох юм уу. Үнэ буугаад хэд орчим болох вэ? 

Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төслийг өнөөдөр батлах бөгөөд 17:30 цагаас чуулган эргэн хуралдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна