Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжсэн байна.
Элчин сайдаар томилох асуудлыг Засгийн газраар хэлэлцэж Ерөнхийлөгчид танилцуулдаг. Ерөнхийлөгч асуудлыг дэмжвэл УИХ-аар хэлэлцүүлж, томилдог.
Т.Бадралын намтар:
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 1966 онд төрсөн.
1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан бөгөөд 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр 2013 онд Улаанбаатар-Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус тус сурч төгссөн.
2004 онд Узбекистан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, 2005 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, 2005 онд АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, 2008, 2010 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, 2009 онд Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, 2013 онд Герман улсад Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагдсан.
2013 онд Шинэ Зеландын Массигийн их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн. Англи, орос, франц хэлтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна