НЭГ КИЛОГРАММ НООЛУУРАНД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ УИХ-ЫН ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

Отгоо
2020 оны 4-р сарын 30 -нд

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020.04.29/-ийн хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төсөлд малчдыг дэмжихээр ноолуурын асуудлыг тусгав.

Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан хэдий ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас зах зээл хумигдаж, дотооддоо хэрхэн ноолуур бэлтгэх асуудал тулгарсан. Иймд УИХ-аас ноолуурын үнийн асуудалтай холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг энэ сарын 24-нд байгуулж,  Л.Элдэв-Очир гишүүн ахлан ажилласан. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дээрх тогтоолын төсөлтэй хамтатган хэлэлцлээ. Ингэснээр тогтоолын төсөлд ноолуур бэлтгэх болон  худалдан авах үнэтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан заалтыг оруулсан юм.

Ажлын  хэсгийн санал, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, А.Сүхбат, О.Батнасан нар  танилцуулга хийсэн.  Уг  тогтоолд малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох заалтыг орууллаа.Түүнчлэн  ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн  экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэглэх асуудлыг шийдвэрлэх, ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ.

Ингэснээр малчид ноолуураа борлуулах, худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын худалдан авагчид ноолуур бэлтгэх боломжийг бий болгох, зах зээлд  ноолуурын  бодит үнэ тогтоох боломжтой гэж үзсэн байна.  Энэ тухайд  УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд   “Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм” хэмээн онцолсон бол  УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Нэмэгдлээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна