Гэр бүл төлөвлөхөд хосуудад зайлшгүй шаардлагатай зүйл нь тохиромжтой үедээ жирэмслэх байдаг. Ингэхийн тулд жирэмслэлтээс хамгаалах аргыг ямар нөхцөлд, хэрхэн сонгож хэрэглэх нь чухал. Хүн бүрийн биеийн онцлог байдал өөр өөр байдаг учир үүнээс шалтгаалан сонгох арга хэрэгсэл ч бас өөр байна. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйгээс хүсээгүй жирэмслэлт, үргүйдэл зэрэг сөрөг үр дагаврууд гарахыг төсөөлөхөд ч хэцүү. Тиймээс жирэмслэлтээс хамгаалах аргуудын давуу болон сул тал нь юу болох, таньд аль арга нь тохиромжтой байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Тэргүүлэх зэргийн их эмч, АУ-ны докторант Х.Цолмонтой ярилцлаа.
Жирэмслэлтээс хамгаалах ямар аргууд байдаг вэ?
Маш олон төрлийн арга байдаг. Тэдгээрийг хэлбэрээр нь дааврын, механик, мэс заслын, биологийн арга гэж ангилдаг.
Эдгээр аргуудаас сонголт хийхдээ юуг анхаарах вэ? Аль арга нь хамгийн тохиромжтой, эрүүл мэндэд хор нөлөө багатайг хэрхэн мэдэх вэ?
Тухайн хүндээ хамгийн тохиромжтой арга нь хамгийн сайн арга байдаг. Нэг хүнд таарсан арга өөр хүнд таарна гэж ойлгож болохгүй. Бүх аргууд сайн болон муу талтай. Тиймээс эмчтэйгээ зөвлөж байж өөрт тохирсон аргаа сонгох нь хамгийн чухал.
Гэр бүл төлөвлөлтийн хамгийн чухал зүйл болох жирэмслэлтийг хувь хүний эрүүл мэнд, санхүү, амьдралын нөхцөл боломждоо тохируулж хэзээ хүссэн хүүхдээ гаргахаа шийдэх байдаг. Энэ талаар эмчтэйгээ сайтар зөвлөлдөж тохирсон аргаа сонгох хэрэгтэй.
25-40 насанд 2-3 жилийн зайтай хүүхэд төрүүлэхийг гэр бүл зөв төлөвлөлт гэж үздэг.
Бүх арга сөрөг болон давуу талтай гэж ярьсан. Үүнийг та дэлгэрэнгүй хэлж өгөөч? Ялангуяа эмэгтэйчүүдийн түгээмэл хэрэглэдэг аргын тухайд?
Эмэгтэйчүүд эм их уудаг. Эмийн арга нь маш бага тунгаар өдөр бүр даавар уудгаараа давуу талтай. Харин сул тал нь эмээ тогтмол цагт уух, өдөр бүр санах хэрэгтэй болдог. Хэрэв нэг өдөр алдвал жирэмснээс хамгаалах чадвар нь буурдаг. Мөн эсрэг заалтууд бий. Дааврын гаралтай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүдийг чихрийн шижинтэй, бамбайн эмгэгтэй, дотоод шүүрлийн дааврын өөрчлөлттэй хүмүүс хэрэглэхдээ эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх шаардлагатай.
Таргалалттай, тамхи татдаг мөн 40-өөс дээш насны эмэгтэйчүүд эмийн бэлдмэл уухыг зөвлөдөггүй. Учир нь дааврын гаралтай жирэмсний бэлдмэлүүд нь судсан дахь гүний венийн тромбоз буюу гүний хураагуур судсанд бүлэн үүсэх эрсдэлтэй. Энэ мэтчилэн арга бүрт тодорхой заалт байдаг учраас эмчийн зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай.
Жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэх хугацаа нь ямар байдаг вэ?
Жирэмслэлтээс хамгаалах аргыг үргэлжлэх хугацаагаар нь урт болон богино хугацааны гэж ангилдаг. Урт хугацааны аргад ерөндөг орно. 5-10 жилийн хугацаанд хэрэглэх боломжтой. Мөн суулгац 5 жил хүртэл хугацаатай байдаг. Ерөндөг хэрэглэж байгаа тохиолдолд авсны дараа жирэмслэх чадвар нь хурдан сэргэдэг. Мөн урт хугацаагаар хамгаалах сайн талтай. Өдөр болгон хугацаагаа санаж эм уух, тэмдэглэл хөтлөх шаардлагагүй. Ингэж тэмдэглэл хөтлөж, байнга санах нь тодорхой хэмжээгээр стресс үүсгэдэг.
Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэж байсан ч жирэмсэн болчихсон тохиолдол байдаг нь ямар шалтгаантай вэ?
Жирэмснээс хамгаалах аргууд 100 хувь хамгаалж чадахгүй. Үйлдвэрээсээ гарсан зөвлөмж болон ДЭМБ-ийн зөвлөмжид 97-99 хувь хамгаална гэсэн байдаг. Энэ нь 100 эмэгтэй тэр аргыг хэрэглэхэд гурав нь жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Гэвч 97-99 хувь хамгаална гэдэг нь маш өндөр хувь.
Эмэгтэйчүүд сонгосон аргаа буруу хэрэглэснээс болж жирэмсэн болох тохиолдол элбэг байдаг.
Өнөөдрийн нэг жишээ гэхэд, жирэмснээс хамгаалах эмийн аргыг анх удаа хэрэглэж байгаа эмэгтэй жирэмсэн болчихсон байв. Уг нь эмч зөвлөхдөө сарын тэмдгийн тав дахь хоногоос эмээ уугаарай гэжээ. Гэтэл тухайн эмэгтэй сарын тэмдгээ дуусаад тав дахь хоногоосоо уусан байгаа юм. Тэр хооронд жирэмсэлсэн байсан. Гэх мэт зөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй, буруу хэрэглэснээс болж жирэмслэх тохиолдол бий.
Жирэмснээс хамгаалах арга хэрэглэж байх үед сарын тэмдэгт ямар өөрчлөлт гарах вэ?
Ерөндөг хэрэглэсэн тохиолдолд сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт орохгүй ч, гарах цусны хэмжээ ялимгүй ихсэх талтай. Мөн дааврын аргууд нь сарын тэмдгийн мөчлөгт өөрчлөлт оруулдаг. Харин бэлгэвч, хөөс, лаа, умайн хүзүүний таглаа зэрэг механик аргууд нь ямар нэг өөрчлөлт өгдөггүй.
Жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэж байх үед гаж нөлөө илрэх, тохирохгүй байгааг яаж мэдэх вэ?
Тухайн аргыг сонгохдоо эмчтэйгээ гаж нөлөөнийх нь талаар ярилцсан байх ёстой. Жишээ нь эм уух, бугалганд тавьдаг наалт хэрэглэж байх үед дотор муухайрах, машинд явахад дотор эвгүйрхэх, хоолны дуршил өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болдог. Хэрэв гаж нөлөө нь багасахгүй бол тухайн аргыг солих шаардлагатай.
Богино хугацааны аргуудыг хэрэглэхдээ юуг анхаарах вэ?
Төрөл бүрийн бэлгэвч, лаа зэрэг механик аргууд байна. Гол нь зөв хэрэглэх хэрэгтэй. Бэлгэвчийг хоёр давхарлаж хэрэглэсэн тохиолдол ч байдаг. Ингэлээ гээд жирэмснээс илүү найдвартай хамгаалахгүй. Харин ч хамгаалах чадвар нь буурдаг. Үүнээс гадна бэлгэвчийн материалаас эсвэл бэлгэвч тосолсон материалаас харшлах тохиолдол байдаг учраас сонголт хийхдээ анхаарах хэрэгтэй.
Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглээд үрэвсэлтэй болсон гэх яриа эмэгтэйчүүдийн дунд байдаг. Үрэвсэл үүсгэх эрсдэл бий юу?
Жирэмслэлтээс хамгаалах аргаас болж үтрээний үрэвсэл үүсэх тохиолдол байхгүй. Хэрэв үтрээний үрэвсэлтэй бол ерөндөг тавьсан үед үрэвсэл даамжрах, хүндрэх эрсдэл байдаг. Тиймээс үтрээний үрэвслийг маш сайн эмчилсний дараа ерөндөг тавих хэрэгтэй.
Жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэсний дараа жирэмслэх чадвар хэрхэн сэргэдэг вэ?
Богино хугацааны аргуудын хувьд жирэмслэх чадвар хурдан сэргэдэг. Дааврын эм удаан хугацаанд уух нь өндгөвчний үйл ажиллагааг дарангуйлдаг учраас жирэмслэх боломж удаан сэргэж болзошгүй. Тариа, суулгац тариулсан хүмүүст мөн аажуу сэргэдэг. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэдэг эсэхээс үл хамааран зургаан сар тутамд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж хэвшээрэй.
Зөвхөн эмэгтэйчүүд хамгаалах хэрэгтэй гэж ойлгож болохгүй байх. Эрэгтэй аргуудын талаар хэлж өгөөч?
Эрэгтэйчүүд бэлгэвч болон үрийн хоолой боох аргыг хэрэглэх боломжтой. Үрийн хоолой боох мэс заслын аргыг дахиад хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн тохиолдолд санал болгодог. Мэс засал хийлгэсэн тохиолдолд дахиад хүүхэдтэй болох боломжгүй учраас гэр бүлийн гишүүд хоорондоо маш сайн ярилцаж шийдвэр гаргах хэрэгтэй.
Жирэмслэлтээс хамгаалах арга амжилтгүй болсон үед 72 цагийн эм уудаг. Энэ аргыг хэрэглэхэд анхаарах зүйл нь юу вэ?
Энэ нь дааврын жирэмснээс хамгаалах аргад ордог. Бэлгэвч цоорох, жирэмснээс хамгаалах эм уухаа мартах зэрэг жирэмслэлтээс хамгаалах арга нь амжилтгүй болсон тохиолдолд 72 цагийн яаралтай жирэмснээс хамгаалах эмийг ууж болно. Байнгын арга болгож хэрэглэж болохгүй. Даавар өндөр тунгаар агуулагдсан байдаг учраас ойрхон зайтай хэрэглэвэл сарын тэмдэгт өөрчлөлт гарах, бусад дааврын солилцоонд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Жирэмслэлтээс хамгаалах аргуудын үед амьдралын хэмнэлд ямар нэг өөрчлөлт гарах уу? Зарим эмэгтэйчүүд эм уугаад таргалсан гэж ярьдаг?
Аль болох өөртөө дарамт үүсгэхээргүй арга сонгох нь чухал. Дааврын арга буюу эм уухад хоолны дуршил нэмэгдэх тал бий. Дуршлаа хянаж чадахгүйгээс болж таргалах хандлага байдаг. Тиймээс хоололтын асуудлаа өөрөө зохицуулж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг сануулж хэлэхэд жирэмснээс хамгаалах арга нь БХЗӨ-аас сэргийлэхгүй. Тиймээс бусад эрсдэлээс урьдчилан сэргийлж бэлгийн зөв зохистой амьдралтай байх хэрэгтэй.
Нэвтрүүлгийн бичлэгийг доорх линкээр үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна