Нийтэлсэн: Сэтгэцийн эмч М.Далайцэрэн
Депресс буюу сэтгэл гутрал гэдэг үг нь латинаар “depimere”- доош нь дарах гэсэн үгнээс гаралтай. Хүн бүрт гунигтай байх мэдрэмж төрдөг ч гуниглал болон сэтгэл гутрал хоорондоо ялгаатай юм. Гуниглал түр зуур мэдрэгдээд хэсэг хугацааны дараа хэвэндээ ордог бол сэтгэл гутралын үед гунигтай, хэнд ч хэрэггүй, гэм буруутай, хүсэл сонирхолгүй байх мэдрэмж нь хэдэн долоо хоног, сар, жилээр үргэлжилдэг байна. Сэтгэл гутрал нь ил хүний нүдэнд харагдахгүй байх нь олонтаа бөгөөд гаднаа хамгийн их аз жаргалтай хүн хамгийн их гунигтай ч байж болох юм.
Сэтгэл гутрал хүн амын дунд хамгийн их тохиолддог (17%) сэтгэл зүйн эмгэгийн нэг юм. Тархалтын хувьд ганц бие болон гэр бүл салсан хүмүүс гэр бүлтэй хүмүүсээс илүү байжээ.
Биологийн шалтгааны хувьд нейротрансмиттерүүд болох серотонин, норадерналин, дофаминтай холбож тайлбарладаг.
Нийгэм сэтгэл зүйн талаас: Психоаналитик. З.Фрейдын тайлбарласнаар хайртай хүн болон хайртай зүйлээ алдах үед мэдэрсэн уй гашуу дотогшоо залгихад үүсдэг гэж үздэг. Энэ уй гашуу нь сэтгэл гутралаар илэрч гэм буруутай мэдрэмж төрөх, хэнд ч хэрэггүй санагдах болон амиа хорлох сэдэл төрдөг байна. Баяр хөөртэй байх болон аз жаргалтай хүн шиг жүжиглэх нь сэтгэл гутралын эсрэг хамгаалах механизм юм. Үл ухамсарлахуйн зүгээс өөрийгөө шийтгэж байгаа түрэмгийлэл юм гэж тайлбарлажээ.
Сэтгэл гутралын үед сэтгэл зүй болон биеийн талаас олон шинж тэмдэг илэрдэг байна. Идэвхи сонирхолгүй болох, өөрийгөө буруутгах, хэнд ч хэрэггүй санагдах, орой унтахад хэцүү өглөө эрт сэрэх болон өдрийн цагаар унтах, жин буурах эсвэл нэмэгдэх, анхаарал төвлөрөлт муудах, мартамхай болох, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.
Сэтгэл гутрал нь маш сайн эмчилгээ авдаг өвчний нэг бөгөөд 80-90 хувьд эмчилгээ авдаг байна. Хэрвээ таньд дээрх шинж тэмдэг илэрч байвал сэтгэл зүйч болон сэтгэцийн эмчид хандаарай.
Мөн сэтгэл гунигтай үед дотны таныг ойлгодог хүмүүстэй ярилцах, дуртай зүйлээ хийх, шинэ сонирхол, шинэ хамт олонтой болох нь үр дүнтэй байдаг.
#Сэтгэлзүйнболовсролыгхүнбүрт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.110
Сонирхолтой мэдээлэл өгсөн эмчдээ баярлалаа
Хариулах