Нийслэл хотын тохижилт,ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх нь талаар “Жишиг хотын төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Ууганбаяртай ярилцлаа. Тэрбээр 2016-2019 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байв.
-Таны хувьд нийслэл хот ямар байх ёстой хэмээн тодорхойлж байна вэ? Энэ талаар яриагаа эхэлье?
-Хүн амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн хотыг л жишиг хот гэж байгаа юм.
Өглөө гараад гүйх гүйлтийн замтай, хүүхэд, залуучуудад зориулсан спорт, тоглоомын талбайтай, ахмадууд амраад суух цэцэрлэгт хүрээлэнтэй зэргээр иргэний сэтгэл ханамжийг чухалчилсан байх нь жишиг хотын хэмжүүр гэж болно. Мэдээж хэрэг нийтийн тээвэр, түгжрэл, агаарын бохирдол, хог хаягдал зэрэг наад захын асуудлуудыг шийдвэрлэсэн, эрүүл, аюулгүй орчин бүрдсэн байх учиртай.
Ер нь сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага хотын хөгжлийг өндөр шилэн барилгаар хэмжихээ больсон. Тэрхүү хотын ногоон байгууламжийн хэмжээ, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал, иргэддээ хэр зэрэг том талбайг зориулж хэрхэн яаж тохижуулсан зэргээр тодорхойлдог болоод байгаа.
Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм.
Дэлхийн хотуудаас хүн амьдрахад таатай газруудын жагсаалтыг жил бүр эрэмбэлэн гаргадаг. Нийт 234 хотыг эрэмбэлэхэд Канадын Ванкувер, Австрийн Вена хотууд жагсаалтыг тэргүүлэн жишиг хотод тооцогддог бол манай улсын нийслэл Улаанбаатар хот жагсаалтад багтдаггүй.
Бид ажлуудаа хооронд нь уялдуулж чадвал үүсээд байгаа асуудлуудыг шийдэж болно гэж хардаг. Хот төлөвлөлт гэдэг цаасан дээр төлөвлөгөө зохиохыг хэлдэггүй. Бүх салбарыг зэрэг төлөвлөж, нийт хөрөнгө оруулалтыг тооцож гэмээнэ байгаа нөөцөө хэрхэн хамгийн зохистой, үр ашигтай зарцуулахыг хэлдэг.
Хот төлөвлөлт гэдэг бол газар зохион байгуулалт, эсвэл байшин биш. Харин салбар хоорондын уялдааг хангаж буй систем юм. Үүн дээрээ л бид алдаад байна.
Бид асуудлын шийдлийг зөвхөн хатуу дэд бүтэц буюу зам, байшингаар шийдчих гээд байдаг. Уг нь Улаанбаатар хот маань Азийн бусад хотуудтай харьцуулбал дэд бүтэц, эдийн засгийн боломж талаасаа муугүйд тооцогдоно. Бас тийм айхтар асуудалд орсон хот биш. Энд менежмент, бодлого, төлөвлөлт, зохицуулалт хэрэгтэй байна.
Мөн бүх шатанд иргэдийн оролцоог сайн хангаж өгмөөр байна. Ингэж байж хүртээмжийн тухай ярьж эхэлнэ. Иргэд асуудал, шийдэл ярьдаг системийн зохицуулалт гэдэг зүйл бүх шатанд байхгүй, эсвэл их сул байгаа санагддаг.
-Ногоон байгууламжийн талаар тодруулмаар байна. Улаанбаатар хотын нэг иргэнд хэдэн м.кв талбай ногоон байгууламж оногдож байгаа вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?
-Нэг хүнд 25-30 м.кв ногоон байгууламж оногдох ёстой гэх дундаж үнэлгээ дэлхийд бий.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ажиллаж байхдаа буюу 2016 онд Нийслэлийн нэг иргэнд хэдэн м.кв ногоон байгууламж оногдож байгааг Улаанбаатар их сургуультай хамтран тооцоолж үзсэн. Энэ үед 2.3 м.кв гэсэн дүн гарч байлаа. Энэ нь дэлхийн дунджаас бараг 10 дахин бага байсан гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба богино хугацаанд Нийслэлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэхээр ажилласан. Ингэж анхаарч ажилласны үр дүнд одоо нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 2-2.5 дахин нэмэгдсэн.
Төрийн зүгээс цаашдаа ч энэ хэмжээг дэлхийн дундаж руу ойртуулахад чиглэсэн бодлого шийдэвэр гаргах хэрэгтэй. Ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлснээр агаар орчны бохирдлыг бууруулах, хотын өнгө үзэмж нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой. Ер нь ногоон байгууламжийн хувьд арчилгаа маш чухал байдаг учраас энэ тал дээр мэргэжлийн үүднээс анхаарч ажиллах чухал байдаг.
-Улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулах, нисдэг тэрэг буух талбай байгуулах санааг та анхлан гаргасан юм байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Эмнэлгийн байгууллага бол онцгой бүс. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас гадна тохижилт, орц гарц, зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэх зайлшгүй шаардлагатай байсан. 1980-аад оноос хойш улсын томоохон эмнэлгүүдийн гадна талбайд засвар, тохижилтын дорвитой ажил хийгдээгүй юм билээ. Энэ нь эмнэлгээр үйлчлүүлж буй хүмүүс, ар гэрийнхэнд маш хүндрэлтэй улмаар өндөр эрсдэлийг дагуулдаг байсан учир сайжруулах зорилгоор уг ажлыг хамт олонтойгоо эхлүүлсэн.
2016 онд Улсын гуравдугаар төв эмнэлгээс эхлээд нийт 17 эмнэлгийн орц гарцыг нэмэгдүүлж, гаднах зам талбай, зогсоолын тохижилтын асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийсэн.
Энэ ажлын хүрээнд 2017 оны хавар Гэмтлийн эмнэлэгт нисдэг тэрэгний зогсоолыг анхлан байгуулсан бөгөөд үүний дараа ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д нисдэг тэрэгний зогсоол байгуулж, тохижуулаад байгаа.
Санаачилсан, гар бие оролцож хийсэн ажлаараа бахархах сайхан. Сулинхээрийн отрядад 2018 онд нэгэн жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хүндэрч, эх үр хоёрын амь дээсэн дөрөөн дээр ирсэн. Энэ үед Хил хамгаалах ерөнхий газраас нисдэг тэрэг илгээж, ЭХЭМҮТ-д авчран, эмнэлгийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэсэний ачаар эх, үр аврагдаж чадсан юм. Энэ мэтчилэн олон жишээ хэлж болно.
-Хог хаягдлын тухай асуудлыг хөндмөөр байна. Зарим газрын хогийг тогтмол ачихгүй байгаагаас иргэдийн амьдрах орчин бохирдож, халдварт өвчин тархаж ч болох нөхцөл байдал үүсдэг? 21-р зуунд хогон дундаа амьдарч болохгүй биз дээ.
-Аливаа үйл ажиллагаа, хөтөлбөрийг шат шатандаа дэмжин ажиллаж байж үр дүн гардаг. Хотын гол гудамж,алслагдсан зам, замын байгууламжийн цэвэрлэгээг Хот тохижилтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай гэрээтэй ажилладаг мэргэжлийн байгууллагууд хариуцан ажилладаг.
Байшин хороолол, гэр хорооллын доторхи гудамж зам талбайн цэвэрлэгээ, айл өрх, аж ахуй нэгжийн хог тээвэрлэлтийг тухайн дүүрэг нь хариуцан ажилладгийг та бүхэн мэдэх байх. Нийслэлээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг, долоо хоногийн хоёр өдөрт цаг тухайд нь хогоо тээвэрлэдэг бол ийм асуудал үүсэхгүй.
Тухайлбал, Баянзүрх дүүрэг нь Нийтлэг үйлчилгээний гурван газартай. Гурван байгууллагын хогны машинууд нь бүгд нэг гараашинд байдаг. Гурван байгууллага байна гэдэг нь гурван дарга, нягтлан гэх мэт орон тоо, тэднийг дагаад зардал гарч байгаа. Түүний оронд байгууллагуудаа нэгтгэн зардлаа танаж, хэрэгцээт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмждөө хөрөнгөө зарцуулбал хогоо цаг хугацаанд нь тээвэрлэх бүрэн боломжтой.
Ер нь хотын ажил гэдэг ажлынхаа араас уйгагүй явж байж үр дүн гардаг аж ахуйн ажил байдаг. Улаанбаатар хотын хөгжлийг хэдэн шатаар ахиулахын тулд нийслэл, дүүргийн Засаг дарга нар, шат шатны удирдлагууд нэг зүрх сэтгэлтэй, санаачлагатай зүтгэлтэй ажиллах юм бол хот богино хугацаанд хөгжих бүрэн боломжтой гэж харж байгаа. Ярих биш гардаж хийж үр дүнгээ үзэх нь хотын ажилд чухал байдаг даа.
-Нийслэлчүүд жилд хэдэн тонн хог “үйлдвэрлэж” байна вэ? Дэлхий нийтэд хогийг нэг талаас эдийн засгийн баялаг гэж хардаг. Гэтэл манайд хог бол хог хэвээр л байна?
-Улаанбаатар хотод жилд 1.4 сая тонн хог хаягдал гардаг. Эдгээрийн 70 гаруй хувийг төвлөрсөн гурван хогийн цэг дээр тээвэрлэн аваачин ландфилын аргаар шороогоор булж устгаж байна, 22 хувийг хоёрдогч түүхий эд цуглуулдаг хүмүүс боловсруулах үйлдвэрт хүргэдэг. Үлдэж буй найман хувь нь гуу жалга орчимд ил задгайгаар хаягдаж байгаа тухай судалгаа гарсан. Улаанбаатар хотоос жилд гарч байгаа хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хаягдал байгаа ч үүний 25 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна.
Одоогоор хоёр том хогийн цэгийн ашиглалт 85 хувьтай байгаа. Тэгэхээр дахин нэг хогийн цэг нээгдэх ёстой болчихоод байгаа гэсэн үг. Гэвч энэ нь байгаль орчноо бохирдуулах, хөрсний бохирдол үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хогийг дахин боловсруулж чадвал эдийн засгийн баялаг гэдэг нь үнэн. Тиймээс хог боловсруулах үйлдвэр байгуулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм л даа.
Улаанбаатар хотын хог хаягдлын хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрт хогийг ангилах, дахин ашиглах, дахин боловсруулах зорилтуудыг тусган ажиллаж байгаа бөгөөд 2017 оны намраас эхлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах туршилтын төслийг эхлүүлж иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан.
Ер нь хог хаягдлын асуудал дээр нийгмийн сэтгэл зүйтэй ажиллах, нөлөөллийн ажлууд хийх нь чухал. Иргэдэд дадал зуршил суулгах гэдэг удаан үйл явцтай ч хамгийн үр дүнтэй арга.
-Одоо үйл ажиллагаагаа явуулж буй хог дахин боловсруулах үйлдвэрүүдээ өргөтгөх, дэмжих талаар ямар ажил хийсэн бэ. Үүнийг хувийн хэвшлийнхэн л хариуцаж байна гэхэд болох уу?
-Улаанбаатар хотын есөн дүүрэгт 20 гаруй үйлдвэр цаас, хуванцар, хуучин дугуйг дахин боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Эдгээр үйлдвэр үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлэх гэхээр газрын асуудал гардаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн газар олгосон. Одоогоор барилгын ажлаа хийж байна. Гэвч тог цахилгаан татах, зам тавих зэрэг дэд бүтцийн асуудлаар төрөөс тусламж дэмжлэг шаардагддаг. Дэд бүтцийг нь шийдчихвэл үйлдвэрүүд өргөжиж, хаягдлын хэмжээ багасна.
-Хогоо ангилан ялгадаг айл өрх нэг үеэ бодвол нэмэгдсээр байгаа. Гэвч ангилж ялгасан хогийг нь нэг машинд л ачиж аваад явдаг шүү дээ. Тэгэхээр хогоо ангилсаны ач холбогдолгүй мэт харагддаг?
-Тийм ээ. Хог тээвэрлэлтийн асуудалд онцгой анхаарах цаг нь болсон. Учир нь ангилсан хогийг тээвэрлэхэд машин төхөөрөмж дутмаг байдаг. Нийслэлд хамгийн сүүлд 2012 онд хогны машинуудаа шинэчилж байв. Дахин шинэчлэх хугацаа хэдийнэ болсон.
Үнэхээр таны хэлснээр иргэний сэтгэл гаргаад нэг бүрчлэн ангилсан хогийг нэг машинд ачиж явснаар тэдний урмыг хугалж, ямар ч шаардлагагүй юм бишүү гэсэн сэтгэгдэлийг үлдээж байгаа нь нууц биш. Иргэдийн итгэлийг мохоохгүй байх, илүү олон хүнийг хогоо сайтар ангилдаг болгохын тулд мэдээлэл, сурталчилгаа хийх, сонирхолтой хэлбэрээр нөлөөллийн ажлууд хийх гэх мэтчилэн зохион байгуулалтын ажил ихээхэн шаардлагатай байгаа.
Мөн хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн хогоо ангилан ялгаж хаядаг дадал зуршилтай болгох, энэ нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалахад оруулж буй нэгэн том хувь нэмэр юм шүү гэдгийг ойлгуулж суулгаж өгөх нь их чухал юмаа.
-Хотын тохижилт үйлчилгээг хариуцан ажиллаж байсны тань хувьд тохижилтын ажлын стандартын талаар тодруулмаар байна. Чанаргүй маш олон тохижилтын ажил хийгдэж жил хүрэхгүй хугацаанд эвдэрч байна. Тохижилтын ажилд Нийслэлээс жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?
-Улаанбаатар хотод хийгдэж байгаа тохижилтын ажил дээр хяналт тавих тогтолцоо сул байсан нь үнэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ тал дээр анхаарч ажиллан мэргэжлийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж өдөр тутмын хяналтыг тавиулахаас гадна, Ерөнхий менежер, хариуцсан мэргэжилтнүүд тохижилтын ажлын талбай дээр нь очин байнгын хяналтыг тавьж ажилладаг болсон. Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Нэг хот-Нэг стандарт бодлогын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналтын газрыг байгуулсан. Тухайн байгууллага нь төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил дээр гүйцэтгэгч компани ажлаа эхлэхээс Улсын комисс хүлээж авах хүртэл бүх үйл явцад стандартыг мөрдүүлнэ. Ингэснээр тохижилт, зам засварын ажил чанартай хийгдэх учиртай.
Нийслэл, дүүргүүд жилд дунджаар төсвийн хөрөнгөөр 20-25 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж байна.Энэ нь шаардлагатай бүх газарт тохижилт хийж хүрдэггүй. Төсвийн задаргаагаар нь авч үзвэл ихэнхи нь 40-50 сая төгрөгийн төсөвт өртөгтэй жижиг тохижилтын ажлууд байдаг. Энэ нь тухайн дугаар хорооны нэг хэсэг талбайд хийгдэж ард иргэдэд хүртээмжтэй байж чаддаггүй.
-Үүнийг шийдвэрлэх зөв гарцыг та юу гэж харж байна?
-Төсвийн мөнгийг үр дүнтэй ашиглахын тулд олон жижиг ажил хийж байхаар гудамж талбайн тохижуулалтыг иж бүрнээр нь буюу ус зайлуулах шугамтай, гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай гэх мэтээр цогцоор нь шийдэх хэрэгтэй. Бага зайд ч гэсэн иж бүрэн төлөвлөж, тохижуулбал урт хугацаандаа үр дүнтэй. Товчхондоо, олон жижиг тохижилтын ажил хийж байхаар нэг чанартай, стандартын дагуу ажил хийх нь оновчтой.
Жишээлбэл, Налайхын зам шиг иж бүрэн тохижуулалттай байх хэрэгтэй. Мөн Зүүн дөрвөн замаас Эвтэй дөрвөн амьтны хөшөө хүртэл зам. Өмнө нь гудамж, зам талбайн тохижилтгүй, үйлчилгээний байгууллага их байв. Тэр хэсэгт авто машины зогсоол, иргэдийн амарч суух талбай, ногоон байгууламжтайгаар иж бүрэн тохижуулсан. Энэ мэтчилэн бүтэн гудамжаар нь тохижуулбал илүү үр дүнтэй. Гэхдээ жил бүрийн арчлалт, тордлогоог мартаж болохгүй.
-Цаашид нийслэлийн иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж, жишиг хот болгохын тулд яах ёстой вэ? Хууль эрхзүйн хүрээнд тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?
-Нийслэл, дүүрэгтэй холбоотой аливаа ажилд мэргэжлийн туршлагатай , хотын ажлын сайн мууг мэддэг хүмүүсийг түлхүү ажиллуулах хэрэгтэй гэж боддог.
Ер нь хотын жишиг стандартыг тодорхой болгох ёстой. Явган хүний зам хэдэн метрийн өргөнтэй байх, авто зам дагуу ус зайлуулах хоолойг яаж шийдсэн байх ёстой вэ гэх зэргээр стандартаа тодорхой болгон, түүнийгээ баримтлан ажиллавал нөхцөл байдал сайжирна.
Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг ба нийслэл, сум дүүрэг нэг ижил статустай байхаар заасан нь учир дутагдалтай юм. Нийслэлийг хурдацтай цогцоор нь хөгжүүлэхийн тулд хуулиасаа эхлэх хэрэгтэй.
Улаанбаатар бол улсын нийслэл хот. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 75 хувь энд төвлөрч, хүн амын тал хувь амьдарч байна шүү дээ. Тиймээс нийслэл хот маань томоохон асуудлуудаа шийдэхийн тулд эдийн засгийн хувьд бие даасан байх ёстой. Улсын төсвийг харахгүйгээр хотоос бонд гаргадаг, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх гэх мэт.
Нийслэлд татан төвлөрүүлж буй татварын орлогын 70-80 гаруй хувь нь улсын төсөвт ордог. Үлдсэн хэсгээр нь нийслэлийн асуудлуудаа шийдэхэд зарцуулж байгаа нь хангалтгүй байгаа.
Хэрэв нийслэл эдийн засгийн хувьд бие дааж, хөрөнгө санхүү босгох эрх зүйн орчинтой болчихвол нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх, хогны машинуудаа шинэчлэх, тээвэрлэлтийн системээ сайжруулах, камер гэрэлтүүлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашиглах зэрэг наад захын тулгамдаад байгаа асуудлуудаа шийдээд явах боломжтой болно.
ikon.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна