Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх асуудлаар тодрууллаа.
-Нийслэлийн ИТХ-ын дарга захирамж гарган Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хөрөнгийг завшсан, мөн төлөөлөгчид гадаадад аялсан гэх мэдээлэл байна. Үнэн үү?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд төрийн болон хууль, хяналтын 20 орчим байгууллага байдаг. Түүнчлэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хамтран оролцдог. Иргэдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх хүрээнд хууль, хяналтын байгууллагын уялдааг сайжруулах, цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр АНУ-тай хамтарсан сургалт зохион байгуулах төлөвлөгөөт ажил байсан. Майами хотод 2019 оны дөрөвдүгээр сард дижитал технологийн чиглэлээр зохион байгуулагдсан дэлхийн форумд Монгол Улсын төлөөлөл оролцсон.
Тэр үеэр ГХЯ, нийслэлийн төлөөлөл цахим засаглалыг хөгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах талаар Майами хотын удирдлагатай уулзаж, хэлэлцсэн байдаг. 2020 оны эхээр ажлын хэсэг АНУ-д очиж, хамтарсан сургалт зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч цар тахлын улмаас арга хэмжээ цуцлагдсан. Тэгэхээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн зардлаар нэг ч хүн АНУ яваагүй гэсэн үг.
-Тэгэхээр тухайн мөнгийг өөр зүйлд зарцуулсан гэсэн үг үү?
-Арга хэмжээ цуцлагдсан учир нэг ч төгрөг төсвөөс гараагүй. Төсвийн зарлага бүх хүний хяналтад байдаг. Ийм хэмжээний зардал гарсан бол шилэн дансанд ч мэдээлэгдэнэ. Тиймээс худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсье.
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгийг дурын ажилд зориулж, төлөөлөгчид гадаад руу сургалтад явж болдог юм уу?
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу зарцуулдаг. Хэрхэн зарцуулах вэ гэдгийг Нийслэлийн ИТХ бие дааж шийддэг юм биш. Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ерөнхий бодлого, чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөө болон аймаг, нийслэл дэх салбар зөвлөлөөс баталсан төлөвлөгөөний дагуу зарцуулдаг.
Нэгд, зарим төлөөлөгч зөвлөлийн гишүүн байдаг учир гадаад томилолт, сургалтад хамрагдаж тохиолдол бий. Хоёрт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардлыг зөвхөн зөвлөлийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй, өөр эх үүсвэрээс давхар шийдвэрлэх шаардлагатай болдог. Тийм учраас төрийн байгууллагын ажлын уялдааг хангах, төсвийн хөрөнгийг үр ашигтай байлгах үүднээс бодлогын шийдвэр гаргаж буй төлөөлөгчийг мэдээллээр хангах, хамтран ажиллах хүрээнд төлөөлөгчдийг хамруулдаг.
Дахин хэлэхэд төсвийн хөрөнгийг хувьдаа завших, тэр тусмаа зуу зуун саяар авдаг зүйл байхгүй. Ялангуяа, төрийн болон хууль, хяналтын байгууллагаас бүрддэг зөвлөлийн хөрөнгөөс 100 саяар нь завших ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна