Канад улс коронавирусний илүү гарсан вакцинаа буурай орнуудад хандивлах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлжээ. Канад улс нэг хүнд хамгийн олон тун ногдох хэмжээний коронавирусний эсрэг вакцин худалдан авахаар олон улсын үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулсан юм байна.
Өнөөдрийн байдлаар нэг ч вакцин ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч дэлхийн чинээлэг орнууд коронавирусний вакциныг ДЭМБ зөвшөөрмөгц түрүүлж худалдан авахаар олон тэрбум долларын гэрээ хэлэлцээрүүд байгуулжээ.
Баян орнуудын энэ байдлаас үүдэн дэлхийн хэмжээнд "ковид-19" цар тахлын эсрэг вакциныг тэгш хүртээхтэй холбоотой асуудал хөндөгдөж байгаа. Канад улсын хувьд хүн амаас нь илүү гарсан вакцинаа ДЭМБ-аар дамжуулан буурай орнуудад хандивлах талаар ярилцаж буй юм байна.
ДЭМБ-ын дэргэд буурай орнуудад коронавирусний вакциныг тэгш хүртээх зорилготой "КОВАКС" хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийнхөн ч Канад болон бусад улс орнуудын Засгийн газартай хандивын вакциныг хүлээн авч, тэгш хүртээх асуудлаар ярилцаж байгаагаа нотолжээ.
Канадын Засгийн газар коронавирусний вакцин авахаар "АстраЗенека", "Новавакс", "Жоннсон энд Жоннсон", "Пфайзер", "Модерна", "Санофи", "ЖиЭсКэй" зэрэг компаниудтай гэрээ байгуулж, тус бүрээс нь хамгийн багадаа 20 сая тун буюу ойролцоогоор 414 сая тун вакцин авахаар захиалга өгчээ.
Канад улс 38 сая хүн амаа коронавирусний вакцинд үнэ төлбөргүй хамруулахаар төлөвлөж байна. ДЭМБ-ын дэргэдэх "КОВАКС" хөтөлбөр 2021 оны сүүлч гэхэд 2 тэрбум тун вакциныг буурай орнуудад тараах зорилт тавьжээ.
Гэхдээ энэ зорилтоо хэрэгжүүлэхэд 5 тэрбум долларын санхүүжилт шаардлагатайгаас одоогийн байдлаар 2 тэрбум долларын хандив цугласан байна. Мөн Европын холбоо гишүүн улс орнуудаа илүү гарсан вакцинаа бага болон дунд орлоготой орнуудад хандивлахыг зөвлөсөн байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна