Хятадын аппарат сарны хөрсний дээжийг дэлхий рүү амжилттай авчирлаа

ALs
2020 оны 12-р сарын 19 -нд

БНХАУ-ын ""Чань-Э 5"" сансрын хөлөг Сарны хөрснөөс авсан дээжээ дэлхийд амжилттай буулгасан байна. Арваннэгдүгээр сарын 24-нд дэлхийгээс хөөрсөн "Чань-Э 5" хөлөг өнгөрсөн шөнө Өвөр Монголын талд амжилттай газардлаа гэж Хятадын Үндэсний сансар судлалын агентлаг мэдээлжээ.

Уг хөлөг сарны тойрог замд орсныхоо дараа газардагч станцыг саран дээр буулгасан. Газардагч станц нь хөрсийг өрөмдөж, цуглуулсан дээжээ хөөргөгч станцад тээвэрлэн, "Чань-Э 5" хөлөгт буцааж хүргэснээр хөлөг эх дэлхийдээ эргэн ирлээ. Одоогоор сарнаас хэдий хэр хэмжээтэй дээж авч ирснийг албан ёсоор мэдээлээгүй ч шинжээчид 2-4 кг орчим болов уу гэж таамаглаж байна. "Чань-Э 5" хөлгийн даалгавар амжилттай биелснээр Хятад улс 44 жилийн дараа Сарны гадаргуугаас хөрсний дээж авч ирсэн дэлхийн гурав дахь улс болж байна. Үүнээс өмнө АНУ-ын Аполло, хуучнаар ЗХУ-ын Луна сансрын хөлгүүд сарны гадаргуугаас хөрсний дээж авч ирж байсан түүхтэй.

Гэхдээ Америк, Оросын сансрын хөлгүүд нийтдээ 400 кг орчим дээжийг сарнаас дэлхийд авч ирж байжээ. Гэхдээ Америк, Оросын сарнаас авч ирсэн дээж нь гурван тэрбумаас дээш жилийн настай эртнийх байсан бол Хятадын авч ирсэн хөрс сарны галт уулын бүсээс цуглуулсан, харьцангуй залуу 1.2-1.3 тэрбум жилийн настай гэж судлаачид үзэж байгаа аж.

Иймд Хятадын "Чань-Э 5" хөлгийн авч ирсэн дээж сарны дотоод бүтцийн талаар шинжлэх ухаанд нээгдээгүй олон зүйлийг нээх боломжийг олгоно гэж шинжлэх ухааны салбарынхан үзэж байна.

Сарны шинэ хөрсийг авч ирснээр Хятад улс сансар судлалын салбарын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна