Таван толгойн цахилгаан станцыг барих ажил ирэх зун эхэлж, 2025 онд дуусна

ALs
2020 оны 12-р сарын 21 -нд

Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан станцуудын сураг олон жилийн өмнөөс яригдсан ч өнөөг хүртэл бодит ажил хэрэг болсонгүй. 

Уг нь эрх баригчид хэлсэндээ хүрдэг бол өмнийн говьд аль 2019 онд Таван толгойн станц ашиглалтад орчихсон байх байв. 2015 онд Таван толгой цахилгаан станцын төслийн захирал Б.Түвшин ийм мэдэгдэл хийж байсан юм. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ТТ цахилгаан станцыг барих ажил ирэх зун эхэлж, 2025 онд дуусна гэв.    

-Засгийн газраас ТТ станцыг төр өөрөө барих нь зүйтэй гэж үзсэн. Эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ байгуулах явц Засгийн газар-“Оюу толгой” компанийн хооронд үргэлжилж байна. Ирэх оны долдугаар сард станцын бүтээн байгуулалтын ажил эхэлж, дөрвөн жил барина.

Эхний буюу 2013 онд баталсан ТЭЗҮ-д 300Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөсөн ч одоогийн ТЭЗҮ-д хүчин чадлыг 450Мвт болгон нэмсэн. “Оюу толгой” уурхайн хэрэглээ жилийн 300Мвт. Үлдсэн эрчим хүчийг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлнэ. ТТЦС “Оюу толгой”-д тус компанитай байгуулсан гэрээний үнээр, харин төвийн системд Зохицуулах хороотой тохирсон үнээр нийлүүлнэ. Тэгэхээр “Оюу толгой”-той гэрээний үнийг тохирох шаардлагатай. Тус компани БНХАУ-ын ӨМӨЗО-ноос импортолдог үнээс багаар авах сонирхолтой байх нь гарцаагүй гэв.



2018 онд “Оюу толгой нэг квт эрчим хүчийг урд хөршөөс 0.67 мо-гоор худалдан авч байв. Энэ нь зөвхөн хилийн үнэ бөгөөд үүн дээр гаалийн, НӨАТ-ын гэх мэт татварууд, ашиглалтын зардал нэмэгддэг аж. Ямартаа ч Засгийн газар “Оюу толгой” компанид цахилгаан нийлүүлэхдээ шугам сүлжээний элэгдэл хорогдол тооцохгүй байх амлалт өгдөг. Мөн цахилгаан дамжуулах 330 квт-ын шугам сүлжээг барьж, бэлтгэл ажлаа бага багаар хангаж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалт 2022 онд дуусаж, олборлолт эхэлснээр уурхайн үйл ажиллагаа өргөжин, эрчим хүчний эрэлт өснө. Одоогоор тус компани жилд 130-140 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулж байна. Цаашид энэ тоо 200 сая ам.долларт хүрнэ. Иймд нүүрсний арвин их нөөцтэй Таван толгойн ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах зайлшгүй шаардлага бий. Энэ төслийг хувийн хэвшлээр хийлгэх санаачилга гарсан ч ажил хэрэг болоогүй. 

2015 онд МСS групп, Японы Марубени корпорац хамтран цахилгаан станц барих тохиролцоонд хүрч, ТТ төслийн компанийн 34 хувийг MCS, 66 хувийг Марубени эзэмших болсон юм. Гэвч Засгийн газар солигдон, энэ төсөл сураг ажиггүй болсон.                    

"ОЮУТОЛГОЙ" ХХКЗАСГИЙН ГАЗАРТАЙ 2009 ОНД БАЙГУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ТУССАН ЗААЛТУУД

Энэ гэрээ ёсоор 2017 оны долдугаар сараас эхлэн Оюутолгойн уурхайн эрчим хүчний нийт хэрэгцээг зөвхөн дотоодын эх үүсвэрээс хангах үүргийг хүлээсэн. Дотоодын эх үүсвэр гэдэгт юуг ойлгох талаар тодорхой заажээ.    

7.3.1 Хөрөнгө оруулагчийн өөрийн эх үүсвэрээр барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц, 7.3.2 Гуравдагч этгээдийн барьсан цахилгаан станц. 7.3.3 Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс хангана.

2015 онд М.Энхсайхан сайд уул уурхайн мега төслүүдийг хариуцаж байхдаа станцын урьдчилсан санхүүжилт 1 тэрбум орчим ам.доллар, төсөл 30 жил үргэлжилнэ. Барилга угсралтын үед 2000-3000 хүнийг ажлын байраар хангана гэж мэдэгдэж байв.

Гадаад дотоодын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах М.Энхсайхан сайдын ажлын алба сонгуулийн дараа тарсан юм. Ингээд У.Хүрэлсүхийн Засгийн газар дээр дурдсан, 7.3.1 дэх заалтыг судалж эхлэв. “Оюутолгой” компанийн зүгээс судалгаа шинжилгээ хийгээд дараах хариултыг Засгийн газарт өгчээ:

-1.1 тэрбум ам.доллараар цахилгаан станц барина. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын төслөөс өгөөж хүртэх хугацаа хойшилно гэжээ.

Засгийн газар “Оюу толгой” компанийн 34 хувийг эзэмшдэгийн хувьд 2036 оноос (зарим эх сурвалж 2038 он гэдэг) ногдол ашиг авах хүлээлттэй байдаг. Тэгэхээр энэ хугацаа дахин сунана.  

Мөн дэлхийн зах зээлтэй харьцуулахад нийт зардал 1.1 тэрбум ам.доллар буюу харьцангуй өндөр. Нэг мегаватт цахилгаан станц барих өртөг нэг сая евро байна. Иймд “Оюу толгой”-н саналыг хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдсэн. Ингээд санхүүжилтийг зээл болон янз бүрийн хэлбэрийг ашиглан босгож, Засгийн газар өөрөө барих шийдвэрт хүрээд байна.

“Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барина. Хөрөнгө оруулалтаа таван жилд нөхнө. Цахилгаан станцын ТЭЗҮ-г олон улсын зөвлөх компанитай хамтран боловсруулсан байсныг ашиглана. Станц 560-600 сая ам.доллараас багагүй хөрөнгөөр босно. Энэ нь “Оюутолгой” ХХК-ийн санал болгосноос 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна” гэж Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн мэдэгдэж байв. 

“ОЮУ ТОЛГОЙ” ЭНЭ ТАЛААР ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЖ БАЙВ?

“Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгаан станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 квт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийлээ. Бид эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлнэ.

“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдсэн юм.

Таван толгойн цахилгаан станц ашиглалтад орсноор жил бүр 200 орчим сая ам.долларын гадагшлах урсгал (Оюу толгойн худалдан авалт) зогсож, төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх цахилгаан, дулаан нэмэгдэнэ. Энэ хэрээр оргил цагаар ОХУ-аас эрчим хүч худалдан авах хэрэгцээ мөн буурах юм. Гэвч КОВИД 19-ийн улмаас манай улсын эдийн засаг хүнд байдалд байна.  Цар тахалтай тэмцэх, хөл хорионы улмаас ажлын байр, орлогоо алдсан иргэд, ААН-үүдээ дэмжихэд ихээхэн нөөцийг зарцуулж байгаа тул цахилгаан станцын зардлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуулт урган гарч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна