Д.Наранцэцэг: Салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

ALs
2021 оны 1-р сарын 15 -нд

Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэгтэй ярилцлаа. 

-Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын чиг үүрэг нь их өргөн хүрээг хамрах болов уу. Таны хувьд шинэ алба, шинэ яаманд ямар бодлого чиглэл боловсруулж ажиллаж байна вэ?-Монгол орон сүүлийн 30-аад жил нийгмийн байгууллын хувьд өөрчлөлт хийснээс хойш шилжилтийн шинжээсээ одоог хүртэл салаагүй байгаа нь манай соёлын салбарт ч мөн адил харагдсаар ирлээ. Үүний улмаас бид төрийн соёлын бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж чадаагүй өнөөг хүрсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг бие даалган дангаар нь 24 жилийн дараа байгуулсан нь үүний тод илрэл юм. Хэдийгээр алдаа оноотой замаар Монголын соёл, урлаг хөгжиж ирсэн хэдий ч энэхүү шилжилтийн соёлын бодлого нь соёл, урлагийн салбарт өмчийн олон хэлбэрийг бий болгож, бүтээн туурвих эрх чөлөөг олгосон давуу талтай.

“Алсын хараа 2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг таван зорилтын хүрээнд томъёолсон нь соёлын салбарын өнөөгийн бодлогын үндсийг тодорхойлж байна. Тодруулбал үндэсний бахархал, эв нэгдэл, нүүдлийн соёл иргэншилт монгол, монгол хэл бичиг, нийгмийн соён гэгээрэл, дэлхийн монгол  гэсэн томъёололд багтаан ажлаа чиглүүлж явна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.

Д.Наранцэцэг: Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж,  жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соён гэгээрүүлэх орон зайг нэмэгдүүлж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтыг дурдсанаас гадна “Цахим соёл”, “Бүх нийтийн соёлын боловсрол” зэрэг нийгмийг соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг тусгасан.

-Харъяалагдаж байгаа бүтцэд тань номын сан, соёлын ордон зонхилох байр суурьтай юм байна. Улсын хэмжээнд хэдэн номын сан, соёлын ордон байдаг юм бэ? -Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас гуравны нэг буюу 364 нь соёлын төв дэх номын сан байдаг. Номын сангийн 3.3 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь хөдөө орон нутагт бий. Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж,  жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна. 345 соёлын төв, ордон нь 89317 суудалтай, жилд дунджаар 38116 арга хэмжээ зохион байгуулж, 2.7 сая хүнд (давхардсан тоогоор) соёл, урлагийн үндсэн үйлчилгээ үзүүлдэг. Тэдний тавны нэг нь буюу 1.1 сая нь хүүхдүүд.

Соёлын яамнаас орон нутгийн соёлын бодлогын цөм болох хүний нөөцөө чадавхжуулах, дахин сургах, яамнаасаа соёлын төв хүртлээ нэгдсэн бодлого удирдлагатай болох, соёлын төвүүдээ чадваржуулах, жишиг байдлаар дэмжлэг үзүүлж хөгжүүлэх, эрх зүйн системийн хувьд боловсронгуй болгох зэргээр эхний ажлуудаа төлөвлөөд ажиллаж байна. Бид саяхан орон нутгийн 600 соёлын ажилтнуудыг хамарсан цахим уулзалтыг зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн.

-2025 оноос Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих алсын хараатай байгаа гэж ажиглаад байгаа. Энэ талаар таны ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан бол?-Монгол хэл нь монгол хүний оюун сэтгэлгээг бүрэлдүүлж, монгол соёл, монгол хүнийг бүтээдэг бол монгол бичиг нь монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч болдог. 2019 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн хийсэн судалгаанаас үзэхэд 55-аас дээш насныхны монгол бичгийн чадвар 0.77 хувь, 55-аас доош насныхных 25 орчим хувь байгаа бол судалгаанд оролцсон оюутнуудын 92.6, албан хаагчдын 93 хувь нь монгол бичгийг өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлттэй байна.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-III”-г батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол гурав дахь удаагийнхад соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил түвшинд хамтран ажиллах шаардлагатай болж байна.

Тухайлбал, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газраас цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах, Стандарт хэмжилзүйн газар, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар нь монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр нийтлэх, төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх гэх мэтээр хуваарилагдсан ажлууд бий.

Соёл, шинжлэх ухаан, гадаад дахь монгол судлалын төвүүд гэхэд л монгол бичгийн өвийг хамгаалах, судлах, сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үзэсгэлэн эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар заасан бөгөөд Засгийн газраас ажлын хэсэг гарч хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулаад байна.

-Бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд ямар ажил төлөвлөсөн бэ?-Цахим номын сангийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн сүлжээнд холбож, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, нийтийн номын санд хадгалагдаж буй сан хөмрөгийг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсын стандартад нийцсэн номын сангийн систем бүхий цахим номын сангийн дэд бүтцийг бий болгоно. Мөн хүний нөөцөө бэхжүүлэх нь зайлшгүй.

Дээр хэлсэнчлэн иргэдийн монгол хэл, бичгийн түвшинг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулахад чиглэгдэж буй бөгөөд мөн монгол хэл бичиг, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын соёлын төв”-ийг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн байгуулж, улмаар монгол соёлыг дэлхий дахинд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.

Хүүхэд залуучуудыг сэтгэлгээ болон хандлагын хувьд эерэг монгол хүн болгон төлөвшүүлэхийн тулд  ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийн агуулга болон  гэр бүл, хүүхэд хөгжлийн чиглэлийн ТББ-дыг түшиглэн  холбогдох чиглэлийн багш нарт зориулсан сургалтын аргачлалыг боловсруулан хүн байх, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлах, хөгжүүлэх, хадгалах, хамгаалах,  үнэлэх, түгээх, сурталчлах, нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Цаашдаа манай салбар босоо удирдлагын тогтолцоотой болох учраас хууль эрх зүйн орчин бий болгох, зохион байгуулалт хийх гэх мэт ажлууд бий. Түүнчлэн салбарын хүний нөөцөө чадавхижуулахыг юун түрүүний зорилго болгоод байна.

Мэдээллийн технологийг соёлын үйлчилгээнд нэвтрүүлж, соёлын нэгдсэн цахим мэдээллийн сан бий болгох судалгааг хийж, хөгжүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн бүх талын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна