Элэгний “Д“ вирусийн халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ

ALs
2024 оны 2-р сарын 27 -нд

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзжээ. Тэд хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийсэн байна.

Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадад эмчлэх  юм.

Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар ярьж тохирсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлахаар Буриадын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монголд энэ сарын 25-нд иржээ.

Тэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори, Дархлаажуулалтын алба зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцсон байна.

Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашдагма, Нэгдсэн лабораторын албаны дарга Б.Бумдэлгэр, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх Оканина Ольга Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Баглаева Светлана Сергеевна зэрэг албаныхан оролцжээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцохоор ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлэв.

Тэрээр цаашид гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх ажлыг эхлүүлнэ гэв.

Элэгний Д вирус гэж юу вэ?  Элэгний Д вирус буюу дельта вирус нь хүний элэгний вирусын хамгийн хүнд хэлбэр юм. Д вирус нь В вирусээр дамжиж биед халдварладаг. Зөвхөн В вирусийн архаг халдвартай хүмүүст л халддаг. Элэгний хорт хавдар, хатууралд хүргэх хугацаа нь В, С вирусээс богино. Элэгний цочмог дутагдал буюу элэгний комд хүргэдэг гол вирус нь В болон Дельта вирус юм.

Манай улсад уг вирусийн халдвартай хүн 2016 онд 120 мянга байсан бол 2018 онд ойролцоогоор 140 мянгад хүрчээ.

Ямар шинж илрэх вэ?  Халдвар авсан үед илрэх хэд хэдэн шинж байдаг. Нэгдүгээрт, томуутай төстэй ханиад хүрсэн юм шиг халуурч, ханиалгах шинж. Хоёрдугаарт, хоолонд дургүй болж, дотор эвгүйрхэх, бөөлжих  эсвэл сульдах, ядрах, нойр хүрэх, зарим тохиолдолд үе мөчөөр өвдөх зэрэг шинж илэрдэг байна. 

Хэрхэн эмчлэх вэ? Элэгний вирусийг ардын эмчилгээ, сүлжээний эм зэргээр эмчлэх боломжгүй юм. Дельта вирусийн эмчилгээний хувьд дэлхийн Шинжлэх Ухаанд батлагдсан ганцхан төрлийн  тариа (Interferon) байдаг. Энэхүү эмчилгээ маш тойруу замаар үйлчилдэг бөгөөд хүний дархлааны системд эхлээд үйлчилж, дархлааны систем нь Д вируст үйлчлэх замаар үр дүнгээ өгөх юм. Дан тарилгыг хийсэн тохиолдолд үс унах, байнгын ханиадтай юм шиг байх зэрэг шинж илэрдэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна