Хүний эрхийн Үндэсний Комисс олон талт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна

ALs
2020 оны 9-р сарын 01 -нд

Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнээр элссэний 60, Монгол Улсад Хүний эрхийн үндэсний байгууллага үүсч байгуулагдсны 20 жилийн ойг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хамтын ажиллагааг идэвхжүүлж, кампанит ажлуудыг эхлүүлжээ.

Манай улс өнөөдрийн байдлаар хүний эрхийн олон улсын 50 гаруй гэрээ, конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан байдгаас НҮБ-ын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцид нэгдээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа ажээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 08 дугаар сарын 27-нд дээрх конвенц, НҮБ-ын Хүний эрхийн хороодоос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжилтийг хангуулах зорилгоор ЦЕГ, УЕПГ-тай хамтран “Хариуцлагатай алба хаагч” аянг 2 сарын хугацаатай эхлүүлжээ. Аяны хүрээнд талууд хамтран Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжуудаар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, цагдаагийн алба хаагчид, прокурорын хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд хариуцлагатай, шуурхай, хүний эрхэд суурилсан хандлага, соёлыг төлөвшүүлэх цогц арга хэмжээг орон даяар зохион байгуулах юм байна.

ХЭҮК ЦЕГ хамтран хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ.

Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-тай хамтран ажиллахаар болжээ. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, албан хаагчдад хүний эрхийн чиглэлээр мэргэшүүлэх хамтарсан сургалтыг зохион байгуулах юм байна. Байгууллагуудын хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийн 21-д “...ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Авилгатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийн мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”, мөн 8-д “Төрийн албан хаагч эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх үүднээс үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг цаг алдалгүй, бүрэн гүйцэт шалгах нөхцөлийг хангах арга хэмжээг эрчимжүүлэх”, 22-д “Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэсэн заалтын хэрэгжилтийг хангахад чиглэгджээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн хяналт шалгалтуудыг тогтмол хийж ирсэн бөгөөд энэ удаа 20 жилийн ойгоо угтаж, ОБЕГ, МХЕГ-тай хамтран Монгол Улс дахь  химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, МҮЭ-ийн Холбоотой хамтран иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбоотой хамтран сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцлийг тус тус шалгахаар төлөвлөжээ. Тухайлбал Монголын Сайтын холбоотой хамтран ажиллах Санамж бичгийг 2020 оны 08 дугаар сарын 26-нд байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, сэтгүүлчдийн хүний эрхийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх, хүний эрхийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх, сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, судалгаа, хяналт шалгалтын ажлыг хамтран явуулахаар болжээ.

Түүнчлэн 2020 оны 10 дугаар сараас буюу 2020-2021 оны хичээлийн жилээс Дотоод хэргийн их сургуульд шинээр байгуулж буй номын сангийн цогцолборт хүний эрхийн номын хэсэгтэй болох, ХЭҮК-ын цахим номын санг тус сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач, сонсогчдод хүртээмжтэй болгох зэрэг чиглэлээр хамтран ажиллаж эхэлжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус сургуульд өмнө нь байгуулж өгсөн “Хүний эрхийн кабинет”-ыг үр дүнтэй ажиллуулах, тус сургуулийн магистр, докторантурын сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тэргүүлэх чиглэл болгон тусгах, бакалаврын түвшний сургалтад “Эрүү шүүлтээс ангид байх эрх”, “Халдашгүй дархан байдал ба хүний эрх” сэдэвт хичээлүүдийг сонгон судлах, мэргэшүүлэх чиглэлээр оруулах талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг тус сургуулийн удирдлагатай ярилцаж шийдвэрлэжээ. Уг хамтын ажиллагааны төлөвлөгөө хэрэгжснээр хүний эрхийн хамгаалагчдын тоонд зүй ёсоор багтдаг хууль, эрх зүйн салбарын шинэ боловсон хүчин хүний эрхэд суурилсан хандлагаар төлөвшиж, бэлтгэгдэх, улмаар үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмуудыг баримтлан ажиллах, хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин бэлтгэгдэхэд үр дүнтэй алхам болно хэмээн талууд үзэж байна.

Түүнчлэн Европын холбооны дэмжлэгтэйгээр 2020-2021 онд туслах малчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааны ажлыг “Хараат бус судалгааны хүрээлэн”-гээр гүйцэтгүүлж байна.

  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна