Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2025.07.03/-ийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Мөн банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэв. Нэмэлт өөрчлөлтийн хүрээнд арилжааны банкаас хувийн секторт олгодог зээлийн хэмжээг бууруурна гэдгийг ажлын хэсэг хариуллаа.
Авто тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийтийн тээврийн санд 40 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн. Шинээр нийлүүлсэн автобусны эргэн төлөлтийг хүүгийн хамт дээрх санд төвлөрүүлж байгаа. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд 40 шинэ автобус нийлүүлэхэд цогц шинэчлэл болж байгааг хотын дарга Х.Нямбаатар хэллээ. Мөн стандарт такси иргэдэд үйлчлэх бодлого хэрэгжүүлэхийг зорьж байгааг онцлов.
Нийслэлийн хэмжээнд 5000 гаруй такси үйлчлэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байна.
Иймд Нийтийн тээврийн сангийн хөрөнгөөс ашиглалтын шаардлагад нийцэх, нэг жигд өнгийн, стандарт таксины шинэчлэлийг дэмжиж ажиллах юм байна.
Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Даатгалын компаниуд хэрэглэгчийн гэрээг хэрхэн биелүүлж байгааг буцаж мэдээлдэг, хэрэглэгчдэд ээлтэй олон улсын стандартыг баримталдаг хууль хэрэгжүүлмээр байна гэдгийг гишүүд хэллээ. Маш олон даатгалын компани байдаг ч иргэдэд нөхөн олговрыг ялгаатай, удаан шийдвэрлэдэг асуудал байгааг хэлсэн.
Нийслэлд автозамын осол гарахад цагдаа, даатгал дууддаг байсныг болиулж цахим болгосноор түгжрэл хэрхэн буурах боломжтойг асуусан. Ослын талаар цагдаад дуудлага өгч хүлээх зуурт ойролцоогоор 40 минут автозамын тухайн эгнээнд түгжрэл бий болдог гэв.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна