Ч.ЦЭНГЭЛМАА:ГАР УТАСНЫ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭЭ НЬ ХҮҮХДИЙН НҮДИЙГ ХЯЛАР БОЛГОЖ БАЙНА

ALs
2020 оны 10-р сарын 26 -нд

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч, АУ-ны доктор Ч.Цэнгэлмаа хүүхдийн нүдний эмгэг, харааны хөгжлийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.

Хүүхдийн нүдний хөгжил хэрхэн явагддаг вэ?

Дөнгөж төрсөн хүүхэд ердөө 5-10 хувийн хараатай байдаг байна. Үүнээс хойш 7-8 нас хүртэл насанд хүрэгчдийн харааны хөгжилтэй адил түвшинд буюу 70-80 хувь хүртэл хөгждөг.

Үүнээс өмнө 7-8 сартайдаа альваа зүйлийг дагуулж харах, хоёр настайдаа хоёр нүдээ нэгтгэж харах зэрэг рефлексүүд хөгждөг аж.

Харааны чадвар нь төв мэдрэлийн системтэй салшгүй холбоотой учраас тархи, төв мэдрэлийн систем эрүүл байж хүүхдийн харааны хөгжил хэвийн явагддаг.

ДЭМБ-ын зөвлөмжөөр хоёр наснаас өмнөх насны хүүхдэд ухаалаг утсыг хэрэглүүлэхгүй байхыг зөвлөдөг.

Гар утасны хэрэглээтэй холбоотойгоор дотогшоо хялар хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна

Хүүхэд нь өдрийн 8-12 цаг гар утсаараа тоглоом тоголж, нэг төрлийн хамааралтай, орой унтах үедээ утсаараа оролдож байна. Үүнтэй холбоотой дотогшоогоо хялар хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгааг Ч.Цэнгэлмаа эмч онцолж байлаа.

Ухаалаг утсыг удаан харснаар цавчих хөдөлгөөнгүй, нэг ёсондоо гөлийсөн болчихдог. Гэтэл нүд маань өөрөө цавчих хөдөлгөөнөөр өөрийгөө хамгаалж байдаг аж. Бага ангийн хүүхдийн хичээллэх цаг 40 минут, амрах хугацаа 10 минут байдаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, ойрын зайнд ачаалал авчихаад амрааж байгаа явдал юм.

Нүдийг хөдөлгөж байдаг бүх булчингуудын тэнцвэртэй байдал алдагдсан, удамшлын шалтгаантайгаар хялар хардаг.

Ийнхүү гадны нөлөөгөөр хялар болох тохиолдол байдаг бол төрөлхийн хялар байх явдал хүүхдийн бага насанд тохиолддог байна.

Хүүхэд төрөөд зургаан сар дотор, гадагшаа хялар харах шинж тэмдэг ажиглагддаг. Зургаан сартайгаас хойш хялар хараад байвал яаралтай нүдний эмчид хандах ёстой. Төрөлхийн хялар байвал хоёр наснаас нь өмнө мэс засал хийвэл 90-95 хувийн үр дүнтэй. Зарим тохиолдолд шил зүүлгэж засах, эсвэл хослуулдаг байна.

Дутуу төрсөн нярайг төрснөөс хоёр долоо хоногийн дараагаас мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй

Дөрвөн долоо хоногтойгоор ургийн нүдний суурь тавигдаж эхэлдэг. Дутуу төрсөн нярай хүүхдүүдэд нүдний торлог бүрхүүлийн ургалт зогссон учраас эмгэг судас ургах, хараа алдах, цус харвалт болох эрсдэлтэй байдаг.

Тиймээс 34 долоо хоногоос дотогш эсвэл 2000 граммаас бага жинтэй төрсөн бол төрснөөс хоёр долоо хоногийн дараагаас мэргэжлийн эмчид үзүүлэх нэн шаардлагатай юм.

ЭХЭМҮТ-ийн хувьд 2012 оноос хойш дутуу төрсөн хүүхдүүдийг хараа алдахаас сэргийлсэн оношилгоо, эмчилгээг хийж байна.

Хараа тэглэх мэс заслыг хүүхдэд хийгддэггүй.Олон улсад 18-40 насанд хийгдэх боломжтой гэж үздэг. Үзүүлэлтүүд, гарч болох эрсдэл, мэс заслын аргачлал бүрэн тохирох уу гэдгийг тогтоож байж хийдэг байна.

Доод зовхины сормуусны буруу ургалтын улмаас нүд торох, нулимс гоожих эмнэлзүйн шинжүүд илэрдэг. Сургуулийн насан дээрээ ирчихээд байнгын нүд анивчиж байгаа бол үнэлж, мэс заслын үнэлгээ хийдэг. Мярай сайтай, 1-ээс доош насны хүүхдүүдэд ажиглаад явах боломжтой.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна