Буцалтгүй тусламжаар 50.8 сая еврогийн төсөл хэрэгжүүлэхэд татвараас чөлөөлнө

ALs
2020 оны 10-р сарын 29 -нд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийн төслийг соёхон батлав.

Монгол Улсын Засгийн газар, Европын Комисстой 2014-2020 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 50.8 сая еврог төсвийн дэмжлэг болон техникийн туслалцаа хэлбэрээр авахаар тохиролцож, санхүүжих хэлэлцээр байгуулсан. Уг төсвийн дэмжлэгийг төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр олгох юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын "Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Дээрх хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хооронд 2020 оны зургаадугаар сарын 29-нд байгуулсан аж. Энэ нь Европын Холбооноос тусламж олгож буй улс орнуудтай байгуулдаг жишиг хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ, эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжиж байгаа аливаа төслийн ажилд ногдуулах гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад ижил төрлийн татвар хураамжаас чөлөөлөхөд чиглэж байгаа аж.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 21-ны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэн дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Анужин танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, С.Ганбаатар, Ц.Мөнхцэцэг асуулт асууж хариулт авсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, буцалтгүй тусламжийг дэмжиж буйгаа илэрхийлээд, уг төсөл нь төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулагдсан арга хэмжээнд зарцуулагдана гэснийг тодотгов. Энэ хүрээнд төслийн нэгж байгуулах, гадаадаас зөвлөх компани, мэргэжилтнүүд ирэх эсэхийг лавлалаа. Тэрээр, цаашид техникийн туслалцаа бус бодит үйлдвэрлэл, баялаг бүтээхэд дэмжлэг болсон туслалцаа авах хэрэгтэй гэдгийг анхаарууллаа. Тэрбээр, "Гадаадаас зөвлөх компани, мэргэжилтэн орж ирээд цалин хөлс аваад цаас үйлдвэрлээд хаядаг. Гэтэл Монголчууд заалгах нь битгий хэл зарим салбарт заагаад буцаадаг байдал сүүлийн үед ажиглагдаж байна. Тиймээс орж ирж байгаа зээл, санхүүгийн дэмжлэгийг техникийн туслалцаанд авахаа болих хэрэгтэй, үүнд Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ. Мөн бид гадаад экспортод гааль болон бусад татварын хөнгөлөлт эдлэх, импортоо нөхдөг зарим үйлдвэрлэлээ дотоодод хөгжүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд импортын бараанд гаалийн болон бусад татварыг нэмэх шаардлагатай байгаа. Цаана нь Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан зарчмын дагуу ингэж болохгүй гэсэн зүйл яригддаг. Европын холбоотой байгуулсан энэ хэлэлцээрт ийм хатуу хараа хяналт цаашид хэдий хүртэл байх вэ" хэмээн асуулаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, дотооддоо төслийн нэгж байгуулж ажиллахгүй. Төслийн 43 сая евро нь шууд төсвийн дэмжлэг хэлбэрээр орно. Үлдсэн нь ЕХ, НҮБ-ын холбогдох байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслийг санхүүжүүлэхэд оролцоно хэмээгээд, зарим салбарт манайхан техникийн хувьд хангалттай сайн хэмээн гишүүнтэй ижил байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Гэхдээ техник туслалцаа авч бусад орны алдааг давтахгүй, ололт амжилтыг ашиглаад явах зүй байдаг. Техник туслалцааг тухайн салбарт ямар асуудлаар авах вэ гэдгийг нь сайн харгалзаж үзэх хэрэгтэй гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Хэлэлцээрийн гол зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс хэрэгжиж байгаа аливаа төсөлд ногдуулах гааль болон бусад татвар хураамжаас чөлөөлөх гэж буйг тодотгов. Тэрээр, энэ чөлөөлөлтөд 50.8 еврогоос гадна ямар төсөл орж ирэх, хэдий хэмжээний бараа үйлчилгээ орж ирж байгааг тодруулав. Энэ нь монгол компанийн ажлын байрыг булаах эрсдэл бий эсэхийг лавлалаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Энэ төслийн хүрээнд бараа үйлчилгээнд компьютер зэрэг л орж ирэх байх. 43 сая евро нь төсвийн дэмжлэг. Үлдсэн 7.8 сая еврогоор төсөл хэрэгжих бөгөөд шаардлагатай тоног төхөөрөмж авах тохиолдолд авах татвар бага байх юм. Ихдээ л 30-40 сая төгрөг л байх болов уу гэж бодож байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, "50.8 сая евро нь 170 гаруй тэрбум төгрөг. Статистик мэдээгээр, 1991 оноос 2016 он хүртэл Засгийн газар 4 тэрбум 700 сая ам.долларын өртэй байсан. Тэгвэл 2016-2020 онд 3 тэрбум 100 сая буюу нийт өрийн 65 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх өр нэмэгдсэн. Гадагш гарч байгаа мэдээллээр өр багасаж байгаа гэж байна. Нийт зээлийн хэмжээ буурахгүй байгаа. Ямар аргачлалаар мэдээлэл өгөөд байна вэ. Үүнийг ард түмэн мэдэх ёстой" хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа, "Засгийн газрын гадаад өр 2016 оны байдлаар тухайн үеийн үнэ цэнээр ДНБ-нд элзэх хувь хэмжээ нь 78.8 хувь буюу 22 их наяд 280.1 тэрбум төгрөг байсан. Харин 2020 оны есдүгээр сарын байдлаар, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-д элзэх хувь хэмжээ нь 57.2 хувь буюу 26 их наяд 267.3 тэрбум төгрөг байна" хэмээв.

Ингээд Байнгын хорооны санадаар дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцосон гишүүдийн олонх нь дэмжлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна