“Эрдэнэт”-ийг их наяд төгрөгийн орлоготой болгосон менежерт 100 саяын урамшуулал өгсөн ч яадаг юм?

ALs
2020 оны 11-р сарын 03 -нд

Сүүлийн хэд хоног цахим сүлжээ даяар шилэн данс нэгжээд завгүй сууцгааж байна. Угаасаа энэ цахим сүлжээ гэдэг ийм араншинтай. Магтвал тэнгэрт гаргана. Муулах юм бол газарт булчихна. Ийм л жаягаараа өнгөрсөн долоо хоногийн сүүлч хавиас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ руу довтолгож байна. Яахав дээ, шилэн дансыг ухах үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнгийн хүүхдийн сургалтын төлбөр үйлдвэрийн данснаас шилжчихсэн нь гарч иржээ. Энэ бол шилэн дансны мэдээлэл. Хулгай байсан бол ингэж ил мэдээлэгдэхгүй.

ТӨҮГ-уудыг хариуцдаг ТӨБЗГ нь цаашид ийм дүрэм журмаа халахад болох эд. Бас Х.Бадамсүрэн захирал энэ мөнгийг эргүүлээд төлчих биз. Бусад худалдан авалтын хувьд бол гайхаад шагшраад,баалаад гоочлоод байх үнэндээ хэрэггүй. Ер нь бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдан авалт, мөнгөний зарцуулалтыг ингээд мэдчихнэ гэдэг бас том дэвшил юм.

Үүнийг Х.Бадамсүрэн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...“Эрдэнэт үйлдвэр” нээлттэй болсон шүү дээ. Үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаа нь шилэн дансны цахим хуудсанд, худалдан авалтын үйл ажиллагаа нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд ил тод, нээлттэй байна. Хүсвэл цаг нараа тохирч байгаад үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах боломж нээлттэй” гэж байсан. Тэгээд ч Х.Бадамсүрэнгийн дээр ТӨБЗГ, бүр дээр нь Засгийн газар гэж бий. Үнэнийг хэлэхэд, цахим сүлжээнд шуугиад байгаа энэ шилэн дансны асуудал чинь сайтар зохион байгуулалттай хар пиар байгаа юм. Хэний хатгаас, захиалгаар хаанаас, хэн явуулаад байгаа нь ч ил тод болоод байгаа аж. Энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Нууж хаах аргагүй болсон цаг. “Эрдэнэт үйлдвэр”, түүний удирдлагыг сайтар хараар будаж байгаад ард нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой нэг том операци л хийх гээд байгаа хэрэг. Магадгүй, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувь хувьцаа, эзэмшлийн асуудлыг дахин хөндөхөөр зэхсэн байж мэдэх юм. Гэвч… Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. “Эрдэнэт үйлдвэр” түүхэндээ анх удаа өнгөрсөн жил их наяд давсан төгрөгийг улс, орон нутгийн төсөвт өгчээ. 42 жилийн түүхэндээ анх удаа шүү. Энэ бол яалт ч байхгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийнхний гавьяа, бас амжилт. Тодруулах юм бол, “Эрдэнэт үйлдвэр” нь ТӨҮГ болсноос хойш ОХУ-тай хамтарсан үйлдвэр байх үеэс орлогыг дунджаар 80 хувь, цэвэр ашгийг 4.3 дахин нэмэгдүүлжээ. Харин компанийн статустай ажиллаж байх үеэс орлогыг дунджаар 22 хувиар, цэвэр ашгийг 2.1 дахин нэмэгдүүлсэн байгаа юм. Мөн зэсийн үнэ хамтарсан үйлдвэрийн үеийнхээс 10 хувиар буурсан байхад бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 72 хувиар, компани байх үеийн зэсийн үнийн түвшинд борлуулалтын орлогыг 16 хувиар тус тус нэмэгдүүлсэн байна.

Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, төлбөр хамтарсан үйлдвэр байх үеэс 94 хувиар, компани байх үеэс 88 хувиар нэмэгджээ. Энэ бол факт. Тоо үнэнийг л хэлдэг. Яадаг юм, ингэж баалаад байгаа бол их наядын орлого олсон хамт олныг удирдсан менежерийг 100 сая төгрөгөөр урамшуулчихсан ч болно. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх жил шахмын өмнө “…“Эрдэнэт үйлдвэр”-т онц дэглэм тогтоосноос хойш тус үйлдвэрийн төсөвт төвлөрүүлдэг орлого нь огцом өсчээ.

Тодруулбал, улс, орон нутгийн төсөвт 2016 онд 184, 2017 онд 580, 2018 онд 655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2019 онд 936.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн жил болж байна. Энэ нь 2016 оноос 5 дахин, 2017 оноос 1.6 дахин, 2018 оноос 1.4 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны үр дүнгээр улс орон нутгийн төсвийн төлбөрт болон гааль, цахилгааны төлбөрт нийтдээ 1.143.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Тус үйлдвэрийн хамт олон 2020 оны үйлдвэрийнхээ зорилтот түвшин, төлөвлөгөөг ТӨБЗГ-ын энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар батлуулжээ. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төлөвлөгөөт зорилтоо өмнөх ондоо багтаан цэгцэлж эхлэх боломж бүрдсэн байна. Өнгөрч буй 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн түүхэндээ хамгийн их буюу 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болжээ. Улс, орон нутгийн төсөвт 900 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан нь “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж буй ажилтан бүр 140 сая орчим төгрөгийн үндэсний баялаг бүтээж байгааг илтгэж буй үзүүлэлт юм” гэж дүгнэж байлаа. Уг нь “COVID-19″ цар тахлын үед энэ төрийн өмчит үйлдвэрийнхээ амжилтыг яаж хадгалах вэ, ашгийг нь хэрхэн хэвээр байлгах вэ гэдэг дээр төр ч, ингэтлээ санаа зовоод байгаа хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Дэлхий даяарх нөхцөл байдал сайнгүй байна. Улс бүр тэсч гарахын төлөө бодлого хийж байна.
Гэтэл манайд “саалийн үнээ”-нийхээ дэлэнг хэн шувтрах вэ гээд булаалдаж байгаа нь чухамдаа цагаа олоогүй хар пиар ажиллагаа юм.

Ө.БААСТ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна