Зочид гийчдэд Эрдэнэт үйлдвэрийн нэрийн хуудас болон очдог зэс домбо, аяга, тамирчдын цом, медаль зэргийг хийдэг Урлан бүтээх хэсгээр орлоо. Хээ хуар сийлсэн гуулин “цоож” бүхий хаалгыг татвал хэдэн хүн чимхлүүр ажилдаа улайран, анзаарах сөхөөгүй сууцгаана. Тэдний ширээн дээр бүслүүр чимгийг нь хийгээгүй домбо, эсгүүр гаргахаар зэхсэн гуулин лист, дурсгалын зүйлийн загвар бүхий зураг байна. Эрдэнэт үйлдвэрт 17 жил, энэ хэсэгт ороод долоон жил ажиллаж байгаа Б.Ганзориг хэдийгээр “засварчин” орон тоон дээр ажиллах боловч гагнана, фризердэнэ, өнгөлгөө хийнэ. Лазер, олон үйлдэлт хайч, токарийн суурь машин дээр ч ажиллана. Өөрөөр хэлбэл уран дархчуултай багш, шавийн барилдлагатай ажилладаг хэрэг. Засвар механикийн заводын удирдлагууд цехийн ажилчдаасаа гарын дүйтэй залуусыг Урлан бүтээх хэсэгтээ оруулж сурган хөгжүүлдэг. Тэр л жаягаар Б.Ганзориг засварын хэсгээс энд ирсэн. “Улаанбаатарын болон хувь хийцийн зэс домбоноос танай бүтээгдэхүүн юугаараа ялгаатай вэ?” гэсэн миний асуултад уран дархчуул эрийн жудаг сахин “Адилхан л хүний гарын ур шингэсэн эд шүү дээ” гэж хариулахаас цааргалсан. Харин мань хүн “Манайх мөнгөн гагнуур хийдэг бол гадныхан тугалгаар гагнадаг. Бид 08-ын листээр хийдэг бол тэд 06-гийнхийг ашигладаг. Өөрөөр хэлбэл манай домбо металлын орц ихтэй, бат бөх гэсэн үг. Нимгэн домбонууд унагахад, хүчтэй дарахад хонхойдог” гэхчлэн онцлог, давуу талыг тодорхой тайлбарлалаа. Эднийд албан байгууллагын захиалга тасрахгүй. Тэд саяхан Прокурорын байгууллагын 90 жилийн ойд зориулсан тэмцээн уралдааны 130 медаль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон Аж ахуй, үйлчилгээний цехийн түүхэн ойд зориулсан бэлэг дурсгал, медаль, түлхүүрийн зэс оосор зэргийг олон тоогоор хийжээ. Ирэх онд Ардын хувьсгалын 100, Монгол Оросын найрамдлын 100 жилийн ой тохиохтой холбогдуулан бэлэг дурсгалын зүйлийн загвар гаргасан нь батлагдсан байна. Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар “Манай уран дархчуулын бүтээл төрийн гурван өндөрлөгөөс эхлээд гадаад, дотоодын олон зочдод хүрч, нүд сэтгэлийг нь баясгадаг” хэмээн бахархсан. Зэс, гууль, мөнгө, байгалийн болон хиймэл чулууг бүтээл болгон хувиргах нь бас үйлдвэрлэл юм.
М.ОДГЭРЭЛФОТО: Б.БАТТӨГС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна