Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, "Намир" продакшны продюссер, хөгжмийн зохиолч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Монголчууд дуучин ард түмэн. Тэр дундаа ардын болон нийтийн дууг түлхүү дуулдаг. 2000 оны үед сайн дуу гарахаа больсон гэх шүүмжлэл их байсан ч нийтийн дуу дахин сэргэж эхэлсэн байдаг. Үүний хажуугаар богино долгионы фм радио ч ихсэж дуунд дуртай ард түмэн сайн муугаа ялган сонсох боломж нээгдсэн юм. Энэ үед Буяндэлгэрийн Пүрэвсүрэн гэх ая зохиогч гарч ирж “Босоо хийморьтой эх хүн” МУГЖ Лосолын Болдбаатар, тухайн үеийн дөнгөж их сургуулиа төгссөн залуу дуучин Буянжаргалын “Санахгүй л гэсэн юмаа” гээд сэтгэл гэгэлзүүлсэн дуунуудаас гадна Ноён Бондгорын “Миний найз” гэсэн найзуудын тухай анхны дуунууд гарч эхэлсэн нь сонсогчдыг байлдан дагуулсан. Монгол түмний хайртай дуучин, дуулсан дуу болгон нь хит болдог МУГЖ Самандын Жавхлан Ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн нэлээдгүй дууг дуулж олны хүртээл болгосон. Жишээ нь үзэгч олны дуулах дуртай “Дулаахан намар” “Хүслийн цагаан харгуй” “Цэнхэр тэнгэрийн орон”, “Буурал даргын нутаг” гэх дуунуудыг дуулсан байдаг.
Харин МУГЖ Лосолын Болдбаатар эрчүүдийн дуулах дуртай дуунуудын нэгт зүй ёсоор багтдаг “Босоо хийморьтой эр хүн” “Цэцэг шиг төрсөн бүсгүй” гээд дуунууд бий. Түүнчлэн МУГЖ Г.Батбаяр, МУГЖ Л.Чулуунчимэг, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Г.Ариунбаатар нарын хамтран дуулсан “ Бурхан буурлууд”, МУСТА Л.Банзрагч, Г.Бямбажаргал “Нэг л туулах хорвоо”, “Ганцхан уулзаад тэврүүлэхсэн” Б.Батболд “Ахын сэтгэл”, А.Мөнхбат “Манай адуу” Б.Мөнхбаяр “Хайртайгаа хэлье” зэрэг 200 гаруй дуучидтай хамтран ажилласан байна. Дан ганц дуу бус зохиогч өөрөө нэрлэж тоолоход ч бэрх олон сайхан уран бүтээлийг монголчуудынхаа сонорт хүргэжээ.
Мөн Төрийн шагналт, Ардын уран зохиолчдоос эхлээд залуу шүлэгчид, дууны уран яруу тансаг үг бичсэн хэн бүхэнтэй хамтарч ажилладаг уран бүтээлч гэдгээрээ ялгаатай юм. Дууны үгийн сайхныг хурдан адуу шинжих сайн уяач адил маш хурдан таниж, ялгадаг давуу талтай. Тэрхүү шалгуураар давсан бол сайн дуу бүтэж ард түмний сонор сэтгэлд хүрч, монголчуудын дуулах дуртай дуу болдог гэж хэлж болох юм. Буяндэлгэрийн Пүрэвсүрэн гэх хүмүүний зохиосон дуугаар нэрлэгдсэн 20 гаруй тоглолт Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Тэр байтугай Монгол нутгаараа тойрон аялсан тоглолт Эрдэнэт, Дархан, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 10 гаруй бие даасан тоглолтыг зохион байгуулсан. Үүгээр ч барахгүй уригдаж орсон, уянга дуугаа өргөсөн, урам зориг нэмсэн, соёлын ажлуудыг дурдвал дуусашгүй. Үүнээс гадна 3 томоохон дууны бие даасан цомог хэвлүүлсэн нэгэн. Мөн идэрхэн өсөж өндийж яваа залуу дуучдыг дэмжиж, шинэ дуу бүтээж, бие даасан цомог, тоглолтуудынх нь ард гарч ажил нь ундарсаар л явна. Нэг үгээр хэлбэл хоёргүй сэтгэлээр нийтийн дууг өнгөлж яваа сод уран бүтээлч гэж хэлж болно. Одоо цагийн нийтийн дууг түүний дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Ингээд харахаар яах аргагүй нийтийн дууны сэргэн мандалт, нэг цаг үеийн дуучдын ихэнх хит дуунуудыг зохиосон гэхээр нэгэн үеийг өлгийдөж авахад МУСТА Буяндэлгэрийн Пүрэвсүрэн гэдэг эрхэм өндөр байр суурь эзэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна