УИХ-ын ээлжит сонгууль ирэх сарын 28-ны баасан гарагт болно. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хилийн чанадад амьдардаг иргэд санал өгнө гэдгээрээ онцлог.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад амьдарч байсан 7000 иргэнээс 4000 орчим нь саналаа өгчээ. Харин одоо хилийн чанадад 200 мянга орчим хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах болсон тул сонгогчид хоёр саналын хуудсыг бөглөнө. Эхний саналын хуудаснаас тухайн тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй нэр дэвшигчдийн нэрсээс тухайн тойргийн мандатын тооны дагуу дугуйлна. Харин хоёр дахь саналын хуудсанд Дээд шүүхэд бүртгэлтэй, СЕХ-нд бүртгүүлсэн, нам, эвслүүдийн нэрсийн жагсаалт бий. Гадаад оршин суугаа сонгогчид зөвхөн хоёр дахь саналын хуудсыг бөглөнө. Ингэснээр тэд жагсаалтаас УИХ-ын гишүүн болох боломжтой нэр дэвшигчдийг сонгох юм. Учир нь саналын хоёр дахь хуудас нь Монгол улсыг нэг тойрог гэж тооцно.
ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭД САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
Гадаад улсад оршин суугаа, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 06-аас ирэх сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ:
https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд; https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх; Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж, зэрэг болно.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч ирэх сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.
Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд 47 Салбар комисс байгууллаа.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм.
Элчин сайдын яам
Байнгын төлөөлөгчийн газар
Ерөнхий консулын газар
Консулын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна