Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид “Эрх зүйч мэргэжилтэй байх” тусгай шаардлага тавигддаг

ALs
6-р сарын 07 -нд

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тушаалаар баталсан “Шүүхийн захиргааны ажилтны сургалтын бодлого”-д 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, бэлтгэх, давтан сургах, санал болгох журам”-г үндэслэн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалт зохион байгууллаа.

          Эвлэрүүлэн зуучлагчийн хүний нөөцийг бүрдүүлэх ажиллагаа нь хамгийн сүүлд 2018 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр явагдсан энэ сонгон шалгаруулалтад эвлэрүүлэн зуучлагчийн нийт 37 туслах оролцлоо.

            Нийт оролцогчдоос сорилгын болон ярилцлагын шалгалтад 11 оролцогч тэнцэж, сургалтад хамрагдлаа.

         Сонгон шалгаруулалтын үр дүнд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоог нөхөх боломж, нөхцөл тодорхой хэмжээнд бүрдэж байгаа бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид “эрх зүйч мэргэжилтэй байх” тусгай шаардлага тавигддаг талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдод сургалт хийх үеэрээ онцолжээ.

 

 

      Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 11 эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталж, “Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ, энгэрийн тэмдэг”-ийг гардууллаа.  

 

 

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах болон Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүд эрхийн гэрчилгээгээ авсан эвлэрүүлэн зуучлагчийн туслах нарт цаашид тогтвортой ажиллаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг илүү үр дүнтэй боловсронгуй болгон хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүслээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна