Б.Хурц давж заалдсан ч шүүх хүсэлтийг нь хүлээн авсангүй

ALs
6-р сарын 07 -нд

Б.Хурц Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэртэй холбогдуулан давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад Б.Хурцын нэрийг бичсэн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа. Иймд тус хорооны энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ.


Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 08:30 цагт шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.

Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Хурцыг УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн гэх Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг бус, тус намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол, түүний хавсралтаар баталсан нэр дэвшигчдийг Ардчилсан намыг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ардчилсан намын даргаас тодруулсан.

Үүний үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эс үйлдэхүй гаргаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэгч Б.Хурцын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна