Дугуйгаар 14000 км замыг туулж, мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань Улаанбаатарт газардлаа

ALs
6-р сарын 11 -нд

Б.Очирваань жилийн өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан билээ.

Тэрбээр Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсанаа мэдээлж байлаа.

Тэгвэл Б.Очирваань өнөө өглөө Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Нисэх буудлаас хурдны зам дуустал машинаар, Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйгаар явахаар төлөвлөөд буй. Тиймээс нисэхийн тойргоос эсвэл төв талбай хүрэх замаас дугуйтай иргэд нэгдэх боломжтой. Улмаар дугуйтай парад үүсгэж, “Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагууд маань харуулахыг, дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулах, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулах”-ыг зорьжээ.

Эргэн сануулахад түүний тухай гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрсэн.

Тэрбээр Director's box буюу хүндтэй эрхмүүдийн суудаг VIP хэсэгт домогт дасгалжуулагч Алекс Фергюсон тэргүүтэй хүмүүстэй хамт сууж Арсенал, Манчестер Юнайтедын тоглолтыг үзжээ. Энэ суудлаас тоглолт үзэхэд 9000 орчим фунт стерлинг буюу 38 сая төгрөгөөс эхэлдэг аж.

Б.Очирваань Олд Траффорд цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ монгол үндэсний хувцас болох дээлээ өмсөж, улсынхаа далбааг намируулсан нь олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Түүний хувьд багаасаа л хөлбөмбөгт дурлаж, мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж байжээ.

Нэг жил гаруй хугацаанд дугуйтайгаа аялахдаа улс улсын олон эелдэг, сайхан хүнтэй таарч, туслалцаа үзүүлсэн хүмүүст тэрбээр талархаж буйгаа илэрхийлж байсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна