Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх тендерийг нээнэ

ALs
6-р сарын 13 -нд

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн сард буулгасан. Үүнээс өмнө, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ -Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан.

Маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.

Тэрээр “Тендерт шалгарсан компани голын урсцыг нэмэгдүүлэх, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш гурван багц тендерийг нээнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг болон Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүр орчмын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн угсралтын ажлын тендерийг нээхээр төлөвлөж байна” гэв.

Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй байршилд үерийн далан сувгийн засвар, нөхөн сэргээлт, барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд борооны усны шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусаад байна. Мөн Сэлбэ голын 10 км орчим газарт түвшин буюу лагийг доошлуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр онцолсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна