Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

ALs
Даваа, 09:33 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо өнөөдөр мордлоо.

Энэ айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд  дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд анх удаа болж буй дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Узбекистан Улсын Парламент Олий Мажлис-ийн Сенатын дарга Т.Нарбаева, Ерөнхий сайд А.Арипов зэрэг албаны хүмүүс бараалхана.

Айлчлалын хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамыг албан ёсоор нээж, Монгол-Узбекистаны бизнес форум, соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна