БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа

ALs
Бямба, 14:49 минут

   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс БНТУ-ын Хууль зүйн академитай хамтран “Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан олон улсын сургалтыг 2024 оны зургаадугаар сарын 27-ны өдрөөс долдугаар сарын 5-ны өдрүүдэд БНТУ-ын Анкара хотод зохион байгуулж байна.

       БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Синан Экижи, Гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч дарга хатагтай Мүжган Каряагды, тус улсын Хууль зүйн академийн дэд Ерөнхийлөгч Хасан Кадир Йылмазтэкин тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсаас айлчилж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгаар ахлуулсан сургалтад оролцогчдыг хүлээн авч уулзан, өөрийн орны хууль эрх зүй, шүүх, прокурорын тогтолцоо, Шүүх, прокурорын зөвлөлийн үйл ажиллагааг тус тус танилцуулснаар сургалтыг эхлүүллээ.

        БНТУ-ын Шүүх, прокурорын зөвлөл нь 2 танхимтай бөгөөд 12 гишүүнтэй, тус улсын Хууль зүйн сайд тэргүүлдэг, дэргэдээ хяналтын зөвлөлтэй байгууллага аж. Шүүгч, прокурорыг шилэн сонголтоор томилж, дэвшүүлэх, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах гэх зэрэг шүүгч, прокурортой холбоотой асуудлуудыг цогцоор нь шийддэг Үндсэн хуулийн байгууллага юм байна. Өнөөдрийн байдлаар Турк Улсын хэмжээнд нийт 25 мянган шүүгч прокурор ажиллаж байгаагаас 88,2% нь эрүү, иргэний хэргийн шүүгч, 9,4% захиргааны хэргийн шүүгч, 2,4% нь буюу 600 шүүгч нь шүүх, прокурорын зөвлөл зэрэг хуулийн чиглэлийн байгууллагуудад шалгагч шүүгчээр ажилладаг байна. 

 

 

       “Шүүх болон дагнасан шүүхүүдийн удирдлага зохион байгуулалт” сургалтаар Турк Улсын Хууль зүйн академи, Хэрэглэгчийн шүүх, Хөдөлмөрийн шүүх, Хүүхдийн шүүх, Гэр бүлийн шүүх зэрэг шүүх байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж практик судалгаа хийнэ. Мөн танхимаар хохирогч, гэрчийг хамгаалах тогтолцоо, шинжээчдийн, гэрчийн туршлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, шүүхийн захиргааны албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагааны зарчмын талаар илтгэл сонсож, мэргэжилтнүүдийн хичээлд хамрагдана. Түүнчлэн БНТУ-ын Шүүхүүдийн үндэсний сүлжээний систем, цахим шүүх хурал зохион байгуулах үйл явцын талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл авах юм. 

 


       Сургалтад ШЕЗ-ийн Ажлын албаны зарим нэгжийн удирдлага, албан хаагчид, нийслэл, орон нутгийн шүүхүүдийн зарим Тамгын газрын дарга нар, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрлүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд зэрэг шүүхийн захиргааны албан хаагчдын төрөл бүрийн мэргэжлийн төлөөлөл багтаж байгаагаараа онцлог. Уг 25 хүний бүрэлдэхүүнтэй сургалтад оролцогчдын багийг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга ахлан ажиллаж байна. 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна