УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хэлсэн үг

ALs
2024 оны 7-р сарын 02 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд орсон өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль амжилттай явагдаж, шинэ гишүүд сонгогдлоо.

Шинэ Улсын Их Хурал нь мажоритар тогтолцоогоор 78, хувь тэнцүүлсэн аргаар 48 гишүүн сонгогдон бүрэлдэж байгаа нь манай улсын парламентат ёсыг бэхжүүлсэн, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн түүхэн үйл явдал болж байна.

Өнөөдөр Улсын Их Хуралд улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж чадлаа. Ардчилсан парламентад тавигдах суурь шалгуур болох ард түмний төлөөллийг хангах чадвар эрс нэмэгдсэн. Ийнхүү төрийн бодлого боловсруулах, хууль тогтооход Улсын Их Хурлын үйл ажиллагаанд улс төрийн намуудын оролцоог өргөжүүлэх, үнэмлэхүй олонхын засаглалаас зөвшилцлийн улс төрд шилжих чухал алхам боллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Иймд улс төрийн намууд Улсын Их Хуралд суудалтай эсэхээс үл хамааран эх орныхоо хөгжлийн бодлогын талаар үнэ цэнтэй санал, санаачилга дэвшүүлдэг, түүнийг нь эрх баригч болон сөрөг хүчнүүд хүндэтгэдэг, улмаар Үндэсний зөвшилцлийг бий болгож, бодлогын тогтвортой байдлыг хангадаг байх нь чухал юм. Бид хэрүүл маргааны улс төрөөс, мэтгэлцээний соёл, зөвшилцөл, хөгжлийн бодлогын улс төрд шилжиж байна. Энэ зөвшилцлийн хүрээнд эрчим хүч, хөдөөгийн хөгжил, шинэ хоршоо, эрүүл мэнд, нийгмийн салбар, Улаанбаатар хотын хөгжил, иргэний нийгмийг бэхжүүлэх, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэн бүрд хүртээх зэрэг улс орны амьдралын амин чухал салбаруудад цогц реформ, шинэчлэл хийх хариуцлагатай үүрэг Та бидэнд ноогдож байна.

Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана.

Хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана.

Энэ удаагийн Улсын Их Хурал дахь тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувь буюу олон улсын дунджийг давж байгаа нь хууль тогтоомж, бодлогын бичиг баримтууд дахь хүний эрх, эрх чөлөөний хамгааллын түвшинд томоохон ахиц, дэвшлийг бий болгох нэг хөшүүрэг болно гэж үзэж байна.

Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойлгомжтой, илүү тодорхой, тогтвортой байх ёстой. Иймд Улсын Их Хурал олон нийтэд нээлттэй ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод явуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал хураалтын үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж, хууль тогтоомж батлах явц дахь иргэний нийгмийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлнэ. Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах нөхцөл боломжийг дээшлүүлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана. Залуучууд, өсвөр насныханы дунд парламентат ёс, Монгол Улсын төрийн тогтолцоо, ардчилсан үнэт зүйлс болон улс төрийн мэдлэгийг ахиулж, Үндсэн хуульд заасан улс төрийн эрхээ бодитой эдлэх, эргэцүүлэн тунгаан шийдвэр гаргахад туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллана.

Иргэдийн мэдэх эрх, үнэн бодит мэдээлэл авах нөхцөлийг сайжруулахад, нийгмийн бүх бүлгийн төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн идэвх санаачилгатай, илүү манлайлалтай ажиллана гэдэгт итгэж байна.

Улсын Их Хурал бол иргэдийн хүсэл зоригийг илэрхийлэгч, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд гүйцэтгэх засаглалд шаардлага тавьж, хариуцлага асуух эрхтэй Үндсэн хуулийн байгууллага мөн. Иймд Улсын Их Хурлын гишүүд Та бид өөрсдөө ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой. Энэ бол парламентын ардчилалд итгэх гол нөхцөл мөн. Нөгөө талаас төрийн аюулгүй байдлыг хангах шат дараалсан арга хэмжээг авч, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй. Тиймээс Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм болон хөрөнгө орлогын мэдүүлгийг илүү боловсронгуй болгож, авлигын эсрэг хатуу тэмцэл өрнүүлж, хууль тогтоомжийг илүү сайжруулах, Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хариуцлага, ажлын үр дүнг олон нийтэд нээлттэй, илүү ойлгомжтой болгоход анхаарч ажиллах болно.

Энэ удаагийн Улсын Их Хурал бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш гарааны боломжтой байх, эх орондоо элбэг хангалуун амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлэх хууль тогтоомжийг батлан ажиллана.

Хувийн болон бүлгийн ашиг сонирхлоос ангид байж, төр улсынхаа эрх ашгийг дээдлэн, нийт монголчуудынхаа ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн, шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх нэр төртэй үүрэг, зорилт Та бидний өмнө тавигдаж байна.

Шинэ цагийн парламентат ёс, улс төрийн шинэ соёл өнөөдрөөс эхэлж байна. Эрхэм гишүүд Та бүхнийхээ эх орноо хөгжүүлэх хүсэл зориг, хичээл зүтгэл бүхэн сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол төрийн алтан соёмбот далбаа үүрд мөнхөд мандан бадартугай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна