400 км авто зам тавихад хувь нэмэр оруулсан Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагнав

ALs
2024 оны 10-р сарын 07 -нд

Ерөнхий У.Хүрэлсүх Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар-ыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус санг "Найрамдал" медалиар шагналаа.

Кувейтийн сангийн шугамаар авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүд нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн гэв.

400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь Монголын ард түмэн өндөр үнэлж байдгийг хэлж, цаашид олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар цаашид Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамтран ажиллана гэв.

Мөн Арабын улс орнуудын сангуудыг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд татан оролцуулах боломжтойг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, дэд бүтэц, эрүүл мэндийн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагнасан юм.Монгол Улс, Кувейтийн сан 1996 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Талууд Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна