Т.Доржханд: Эрчим хүчний тарифын өөрчлөлтийг 11-р сарын 1-нд зарлана

ALs
2024 оны 10-р сарын 08 -нд

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр Эрчим хүчний шинэчлэлийн үндэсний хороог ахалж буй Шадар сайд Т.Доржхандаас эрчим хүчний реформын хүрээнд ямар ажлууд хийх талаар тодрууллаа.

-Засгийн газар эрчим хүчний реформын хүрээнд ямар үр дүнд хүрэх зорилт тавьсан бэ?
-
Монгол Улсын эрчим хүчний салбар одоо бол 500 орчим тэрбум, нийт ужгирсан 1.8 их наядын алдагдалтай байна. Эрчим хүчний үйлдвэрүүдээ дагаад уйрхайнууд, нүүрс тээвэрлэгч УБТЗ гэх мэтээр бүгд шат шатандаа алдагдалтай байна.
Эрчим хүчгүй бол эдийн засаг тэлэх боломжгүй. Тиймээс эрчим хүчний реформ хийж, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хараат бус бие даасан эрчим хүчтэй болох зорилго тавьсан. Бие даана гэхээр Орос, Хятадаас эрчим хүч авахгүй гэсэн үг биш. Хамгийн чухал нь төрөөс эрчим хүчний үнийг барьснаас энэ салбар алдагдалтай, тиймээс хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна.

Засгийн газар эрчим хүчний салбарыг зах зээлийн системд оруулна гэсэн мэдэгдэл хийсэн. Нийлүүлэлтийг нэмнэ, тарифын өөрчлөлт хийнэ. Нэг хэсэг өвдөлт өгч магадгүй. Нийлүүлэлт нэмэгдээд ирэхэд үнэ эргээд буурна. Монгол Улс эрчим хүч экспортолж, уул уурхайн салбарын дараа орлого олох бодит боломжтой салбар энэ болж байна.  

-Засгийн газар эрчим хүчний тарифийг нэмнэ гэдгээ зарласан. Хэдий хэмжээгээр нэмэх вэ?
-Үнэ тариф эмзэг асуудал. Эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шийдвэр юм билээ. Тиймээс үүн дээр бид сууж, маш нарийн тооцоолол хийж байна. ЖДҮ эрхлэгчид, уул уурхайн салбар, иргэдийн аль нь илүү ачаалал ирэхээр байна, тэрэн дээр нь ямар зохицуулалт хийх, энэ бүгдийг уялдуулж дүгнэлтээ гаргана.

Хэдэн хувиар өсгөвөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах гэх мэт бүх боломжуудыг авч үзээд, шийдвэрээ гаргана. Олон газраас санал авч байгаа. Олон улсын байгууллагууд, салбарынхан гэх мэт хангалттай их “цаас” байна. Дүгнэлтээ гаргаад 11-р сарын 1 гэхэд  Үндэсний хорооноос албан ёсоор зарлана.

-Тарифыг нэмэхдээ ямар бодлого барих вэ?
-Иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүйгээр салбарын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд эхний ээлжинд тарифыг бодит өртгийн түвшинд нь хүргэх, дараа нь инфляцитай уялдуулан индексжүүлэх байдлаар зах зээлийн орчинд нь нийцүүлэх бодлого барьж байна. Ингэж өөрчилсөн тохиолдолд хөрөнгө оруулагчид орж ирэх сонирхолтой байна. Манай улс эрчим хүчний арвин их нөөцтэй. Гадны олон байгууллага, компаниуд ногоон эрчим хүчний эх үүсвэр барья гэсэн санал тавьж байна. 1.6 жилд 1ГВт нарны эрчим хүчний эх үүсвэр барья гэх жишээтэй. Нар, салхины эх үүсвэр барих нь маш хурдан.

Эрчим хүчний реформ гэхээр зөвхөн тариф өсгөх тухай асуудал биш юм. Маш олон асуудлын нэг нь л тариф. Богино хугацаанд тарифын өөрчлөлт хийнэ. Дунд хугацаанд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ил тод, хувийн сектор орсон бүтцэд шилжинэ. Урт хугацаандаа  эрчим хүчний нөөцөө ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох. Энэ бүхэн цогцоороо эрчим хүчний шилжилт. Эрчим хүчний шилжилт хийсэн улс орнууд бүгд ийм замаар явж ирсэн гэв. 

Эх сурвалж: Gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна