ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын гишүүдийн хурал болов

ALs
2024 оны 3-р сарын 01 -нд

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн хурал өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хурлыг нээж Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг үг хэлж, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцаа холбоо зэрэг үндсэн 5 салбарын хүрээнд 2023 онд хийсэн томоохон ажлуудыг онцлон тэмдэглэж, цаашид Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхэд салбарын яам, түнш байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, уялдаа холбоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Үүний дараа ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг комиссын гишүүдэд танилцуулав.

Энэхүү хуралд ГХЯ, Соёлын яам, БОАЖЯ, БШУЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ зэрэг холбогдох яамдын төлөөллөөс гадна Шинжлэх ухааны академи, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Геопаркийн Үндэсний Хороо, Монголын Урлагийн Зөвлөл, Соёлын өвийн үндэсний төв зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд манай улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжилд үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд 2023 онд гарсан ололт амжилт, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж, саналаа солилцлоо.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна