Беларусь улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монголд айлчилна

ALs
2024 оны 3-р сарын 15 -нд

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник 2024 оны гуравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадаад хэргийн сайд С.Ф.Алейникийг Беларусь Улсын Аж үйлдвэрийн орлогч сайд, Хөдөө аж ахуй, хүнсний орлогч сайд болон бизнесийн 20 гаруй төлөөлөгч нар дагалдана.

Айлчлалын үеэр тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Төр, засгийн удирдлагад бараалхана.

Мөн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр уулзалтууд хийхийн зэрэгцээ, Онцгой байдлын ерөнхий газарт зочилж, хоёр тал хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнтэй танилцана.

Энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад 28 жилийн дараа хийж буй 2 дахь удаагийн айлчлал бөгөөд 1996 онд Гадаад хэргийн сайд В.Л.Сенько Монгол Улсад анх айлчилж байсан гэж ГХЯ-наас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна