Тэтгэврийг 4-р сарын 1-нээс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

ALs
2024 оны 3-р сарын 22 -нд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх тогтоол гарлаа. Ингэснээр ирэх 04 дүгээр сарын 1-нээс бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээ 650 мянган төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж нэмэгдэнэ.

Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018, 2019, 2020, 2022, 2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг жил дараалан нэмэгдүүлснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдээд байна.

Түүнчлэн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг ирэх сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд гэх зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна.
Асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асран халамжилж буй 65.9 мянган иргэн асаргааны тэтгэмж авч буй.

Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12800 орчим хүүхэд хамрагдаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна