Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар нь Европын Холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр "Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь" (2023-2025) төслийн хүрээнд зохион байгуулж буй “Арилжааны эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх” сургалт өчигдөр (2024.11.05) Холидэй Инн Улаанбаатар зочид буудалд эхэллээ.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг уригдан хэлсэн үгэндээ Монгол Улс дахь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчин, хэрэгжилтийг сайжруулах, арилжааны эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг сурталчлан таниулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цахимаар үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа төслийн хамт олонд талархал илэрхийлье гээд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны амжилт 69.3 хувьд хүрч, шүүхийн ачааллыг 22.9 хувиар бууруулах хэмжээнд хүрсэн амжилттай байна гэв.
Сургалтаар нийт 30 гаруй эвлэрүүлэн зуучлалын сургагч багш бэлтгэх бөгөөд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв, Үндэсний ба олон улсын арбитр, Монголын хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоо зэрэг таван байгууллагын төлөөллийг хамруулж байгаагаараа онцлог болж байна.
Мөн өдөр үдээс хойш (15:00 цаг) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Хууль зүйн шилжилтийн хөтөлбөрийн багийн төлөөллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Хууль зүйн шилжилтийн хөтөлбөрийн захирал Мишел Нуссбаумер, ахлах зөвлөх Вероника Брадаутану, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, төслийн хуулийн зөвлөх З.Шагдарсүрэн болон бусад албаны хүмүүс оролцов.
Тус уулзалтаар 2012 оноос хойш Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүгчдийн чадавхыг бэхжүүлэх төсөл”, “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”, “Эвлэрүүлэн зуучлах төсөл”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар хамтран амжилттай зохион байгуулж ажилласан талаар болон 2023 оноос Европын холбоо болон Европын cэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хэрэгжилтийн талаар танилцуулж, санал солилцсон юм. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах төслийн талаар ярилцаж санал солилцлоо.
Хэвлэл мэдээллийн хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна