ТА ГАЗАР ХӨДЛӨЛТӨД БЭЛЭН ҮҮ?
Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд нийтдээ 38304 удаа газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг.
Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт 22610 удаа газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтөөс 3.5-4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 36 удаа, 4.5 - 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүчийг 8 магнитуд, 12 баллын үнэлгээ шаталбараар үнэлдэг.
Магнитуд гэдэг нь хөрсөн доор, газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж байгаа үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг.
Газар хөдлөлтийн аюул бол олон хүний амь нас, хүн төрөлхтний барьж байгуулсан бүтээн байгуулалтыг устгадаг байгалийн гамшиг. Газар хөдлөлтийн хүч, давтамж сүүлийн жилүүдэд Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа нэмэгдэж байна. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 цаг 16 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р дугаар багийн “Шивдэг” гэдэг газарт (аймгийн төвөөс баруун урд зүгт 286 км-т, сумын төвөөс зүүн зүгт 10 км)-т 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд хөдөлсөн 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт юм. Газар хөдлөлт, түүнийг дагасан эрсдэл, бэлэн байдлын тухай асуудал нь хүн бүрийн анхаарах ёстой амин чухал сэдэв юм. Иймд иргэд та бүхэн газар хөдлөлтийн өмнө хэрхэн бэлтгэл бэлэн байдлаа хангах, газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар заавар зөвлөмжийг www.belenbai.mn сайтаас авч, өөрийгөө болон бусдыг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлээрэй.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна