“Дашваанжил” ХХК-д олон ноцтой зөрчил илэрчээ

ALs
2024 оны 4-р сарын 04 -нд

УОК-оос зарласан хэвлэлийн бага хурлаар дараах мэдээллийг өглөө. Улсын байцаагч дээрх компанид ажиллаад дүгнэлтээ гаргажээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан ШТС-уудад хийсэн шалгалтын талаар мэдээлэв. ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав:

-Тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй байжээ. Мөн цалингийн журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа батлаагүй, ажлын байрны эрсдэлээ үнэлээгүй, жолоочид ямар эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл юм. Компанид дотоод хяналт шалгалт огт хийдэггүй. Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийгээгүй, ажлын хувцсаар хангаагүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байжээ.   

Тус компани 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас хий импортлон худалддаг. Тус компанид сүүлийн таван жилд хяналт шалгалт хийгээгүй байжээ.

Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна.

Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна" хэмээн мэдээллээ.

Мөн УУХҮЯ-наас тус компанийн шатахууны агуулах саванд хяналт шалгалт явуулахад зөрчил илрээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна