Олимпт оролцох баг, тамирчид "Michel Amazonka", "Mizuno" брендээр гоёно

ALs
2024 оны 4-р сарын 11 -нд

Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫН ХУВЦАС

“Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брендийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-оос хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлж, “Michel & Amazonka” бренд баг тамирчдын ёслолын хувцсыг, “Mizuno” бренд спортын хувцсыг урлахаар шийдвэрлэв.

"MONGOLIA HOUSE" ТӨСӨЛ

“Парис 2024” Олимпын наадам үргэлжлэх хугацаанд Парис хотын “La Villette” паркт Монгол үндэсний соёл, ёс заншил, “Go Mongolia” брендийг дэлхийн улс орнуудад сурталчлах “Mongolia house” төсөл хэрэгжих билээ.

Тус паркт 20 гаруй орны “house” үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд “Mongolia house” нь 922 м.кв талбайд 07.27-08.11-ний хооронд өдөр бүр 10:00-23:00 цагт олон нийтэд нээлттэй байна.

ОЛИМПЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын Олимп, Паралимпыг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах бол баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ удаагийн Олимпт Монголын баг тамирчид 12 спортын төрлөөр 45 эрх авч, 4-өөс 5 медаль хүртэхийг зорьж байгаа бол Паралимпын наадамд 7 спортын төрлөөр 12 эрх, 2-оос 3 медаль авах зорилт тавин ажиллаж байна.

Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна