БНХАУ-ын шүүх 2023 онд 45,2 сая хэрэг маргааныг хянан шийдвэрлэжээ

ALs
5-р сарын 13 -нд

 Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежтой хамтарсан 12 дахь удаагийн сургалт өнөөдөр (2024.05.13)  ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотноо эхэлсэн. Сургалтын эхний хичээлийг БНХАУ-ын Үндэсний шүүгчдийн коллежийн ерөнхийлөгч, Бүх Хятадын Ардын дээд шүүхийн Шүүхийн практик судлалын хүрээлэнгийн дарга Ли Ченгю “Хятад маягийн модернизацийн хуулийн засаглалын утга санаа” сэдэвт лекцээр эхлүүллээ. 

           Хятад маягийн шинэчлэлийн мөн чанар нь хүн амын нүсэр хэмжээ, ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлт, материаллаг болон оюун санааны соёл иргэншлийн уялдаа холбоо, хүн төрөлхтөн болон байгал орчны зэрэгцэн орших байдал, энх тайванаар хөгжих зам гэсэн үндсэн 5 хэсэгтэй. Тус улсын шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны тоо жилд дунджаар 13 дахин нэмэгдэж байгаа бөгөөд 2023 онд 45,2 сая хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна. 

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Оюуны өмчийн шүүх байгуулагдсанаас хойшхи 5 жилийн хугацаанд нийт 18,9 мянган хэргийг хүлээн авч 15,7 мянган хэргийг шийдвэрлэсэн байна. Оюуны өмчийн эрхийг хамгаалах нь инновацийг хамгаалах, үндсэн технологи, шинээр гарч ирж буй үйлдвэрлэлийн оюуны өмчийн эрхийг хамгаалалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байв. Тус шүүх Хятадын болон гадаадын эрх эзэмшигчдийг хуулийн дагуу адил тэгш хамгаалахыг шаардаж, гадаад улстай холбоотой 1198 хэргийг шийдвэрлэсэн бөгөөд гадаадын компаниуд Хятадын шүүхээр оюуны өмчийн маргааныг шийдвэрлүүлэхээр хандах нь нэмэгдэж байгааг дуулгалаа.
 Түүнчлэн интернет орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо ихэссэнтэй холбоотой энэ төрлийн хэрэг маргаан шүүхэд ирэх нь ихэсчээ. Тиймээс цахим гэмт хэргийг шийдвэрлэхэд хуулийн зохицуулалтыг сайжруулах шаардлага тулгарсан байна. Иймд Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газар, Нийгмийг аюулаас хамгаалах Яам хамтран “Интернет дэх хүчирхийлэл, гэмт хэргийг шийтгэх тухай заавар зөвлөмж” гаргажээ. Сүүлийн жилүүдэд ардын шүүхүүд соёлын дурсгалт зүйлс, соёлын өвийг хамгаалах, экологи, байгал орчныг хамгаалахтай холбоотой асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. 
           БНХАУ-ын шүүхийн зохион байгуулалт, тогтолцоотой танилцах, туршлага судлах энэхүү сургалт маргааш (2024.05.14) ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын ерөнхий шүүхтэй танилцах, Хятадын хүрээлэн буй орчин байгалийн нөөцтэй холбоотой хэрэг шийдвэрлэх системтэй танилцсанаар үргэлжилнэ.
              
                                                                                    Хэвлэл мэдээллийн хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна