Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөв

ALs
2024 оны 1-р сарын 04 -нд

УИХ-ын чуулганы энэ оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарыг томилох тогтоолын төслийг батлав.

Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Томилогдсон гишүүд “Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурав. 

Тангараг өргөсөн гишүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үнэмлэхийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гардуулан өгч, ажлын амжилт хүссэн юм.

Тэрбээр, ардчилсан чөлөөт сонгуулийн алтан дэнс, ард түмний засаглах эрхийн мөнхийн манаа болсон үйл хэрэгтээ бие даасан, хараат бус байдлыг бүрэн хангаж,  ил тод, шударга байх зарчмыг хэлбэрэлтгүй баримтална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн ард иргэдийн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэгч Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаанаас олон нийтийн төрд итгэх итгэл төдийгүй улс орны бүрэн эрхт байдал хамаарна гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Зүүн гар талаас нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нарЗүүн гар талаас нэр дэвшигч Д.Дэлгэрсайхан, Т.Сүхболд нар

Д.ДЭЛГЭРСАЙХАН:

  • 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Компьютерийн ухааны докторант, эрх зүйч, системийн шинжээч мэргэжилтэй, улсад 25 жил ажиллажээ.
  • 1992-1997 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд програм зохиогч, инженер мэргэжлээр компьютерийн ухааны бакалаврын зэрэг,
  • 1997–1999 онд тус сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.
  • 2008-2011 онд мөн сургуульд програм хангамж мэргэжлээр компьютерийн ухааны докторантаар суралцаж,
  • 2019-2022 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.
  • 1997-2004 онд МУТИС, Компьютерийн техник менежментийн сургуульд  багш, ахлах багш,
  • 2004-2011 онд “Старсофт” ХХК-г үүсгэн байгуулагч, төслийн удирдагч,
  • 2006-2012 онд “Старс” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, захирал,
  • 2011-2014 онд “Нью Прогресс Групп” ХХК-ийн Мэдээлэл технологийн газрын захирал, дэд захирал,
  • 2014-2016 онд “Эй Ти Инженеринг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2016-2020 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга,
  • 2020 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажилласан.

Т.СҮХБОЛД:

  • 1980 онд төрсөн, Төрийн удирдлагын менежер, Хууль зүйн ухааны магистр цолтой.
  • 2001 Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгсч,
  • 2010 онд Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр суралцан төгсчээ.
  • 1998-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст цагдаа, 2005-2007 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгч,
  • 2007-2011 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч,
  • 2011-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч,
  • 2013-2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст, ахлах төлөөлөгч,
  • 2016-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газарт ахлах мэргэжилтэн,
  • 2017-2018 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тасгийн дарга,
  • 2018-2020 онд Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
  • 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дарга,
  • 2020-2023 онд Эрүүгийн цагдаагийн албаны дэд бөгөөд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга,
  • 2023 оноос Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан.

Эх сурвалж:Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна