"Герман Улстай байгуулах стратегийн түншлэл ийм хурдан шийдэгдэнэ гэж бодсонгүй"

ALs
2024 оны 2-р сарын 08 -нд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрт бараалхлаа. Уулзалтын дараа сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Бид жилийн өмнө Германд уулзсан. Хурдан хугацаанд ийнхүү дахин уулзана гэж бодсонгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намайг айлчлалд урихад би маш талархалтай хүлээн авсан. Учир нь Герман, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж бодож байна. Ийм хүйтэн өдрүүдэд халуун, дулаанаар угтан авч буйд, мөн өөрсдийн уламжлалыг зөрчөөд албаны айлчлалыг өвлийн улиралд хүлээн авч буйд талархал илэрхийлье.

Манай хоёр орон газар зүйн хувьд хол ч үнэт зүйл нэгтэй. Геополитикийн болоод бусад шинэ нөхцөл үүссэн энэ цаг үед ойр түншүүд байгаадаа маш их баяртай байна. Бидний хамтын ажиллагаа хөгжсөөр найз, нөхдийн харилцаатай болсон. Бид өчигдөр стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурснаар бидний хамтын ажиллагаа шинэ түвшинд гарлаа гэж хэлж болохоор байна” гэлээ.


Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ “Би өнгөрсөн оны аравдугаар сард Герман улсад айлчилж, стратегийн түншлэлийн асуудлыг ярьж байсан. Энэ асуудал ийм хурдан, Ерөнхийлөгч түвшинд шийдэгдэнэ гэж бодож байсангүй, маш их баярлалаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор та манай улсад айлчилж байсан.

Ийнхүү 50 жилийн ойг тохиолдуулан ирж хүндэтгэл үзүүлж буй нь Германчууд Монголыг гурав дахь хөршөө гэж үнэлдэг, мөн та хувь хүнийхээ хувьд Монголчуудад элгэмсэг, дотно байдгийн илрэл болж байна. Монгол Улс Европын орнуудаас хамгийн анхны стратегийн түншлэлийг Герман улстай байгууллаа. Үнэхээр баярлаж байна. Монгол Улсын ардчиллын 30 жилийн түүх Герман улстай, Германы эрдэмтэн, судлаачидтай салшгүй холбоотой гэдгийг энэ өдөр онцолж хэлэх нь зүйтэй болов уу.

Өнгөрсөн аравдугаар сарын айлчлалын үр дүнг Ерөнхийлөгчтэй илэн далангүй ярилцлаа. Хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүд, үнэ тарифыг илүү хямдруулах боломж, аялал жуулчлал, шууд нислэг нэмэх талаар гээд олон зүйлийн талаар санал солилцлоо” гэв.

Мэдээллийн дараа хоёр орны сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч: Эрхэм Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр та манай улсад 10 жилийн өмнө айлчилж байсан. Түүнээс хойш манай улсад ямар өөрчлөлт гарсан мэт танд ажиглагдаж байна вэ? Монгол Улсыг ямар ирээдүй хүлээж байна гэж та харж байгаа вэ? -Арван жилийн өмнө ирэхэд зуны улирал байлаа, өвс ногоо ургасан нов ногоон өнгөтэй байсан бол өнөөдөр цав цагаан байна. Нийслэл өөрчлөгдөж, гоё сайхан олон шинэ барилга баригджээ. Үүнтэй адилхан иргэдийн амьдрах чадвар сайжирсан байх гэж бодож байна. Хамгийн чухал нь өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа маш сайн хөгжиж ирсэн гэж бодож байгаа. Гэхдээ би өнөөдөр хойшоо биш урагш харах гэж ирсэн. Ирээдүйн жилүүдэд яаж хамтын ажиллагаагаа сайжруулах вэ гэдгийг бодож байна.

Германы сэтгүүлч: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та стратегийн түншлэлийн хүрээнд аль салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал бодлоо солилцоно уу?-Монгол Улсын эдийн засгийн 90 орчим хувь нь уул уурхайн салбараас хамааралтай. Эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг Монгол Улсын стратегийн хамгийн том зорилт. Тиймээс уул уурхайн газрын ховор элемент, эрчим хүчийг хэрхэн экспортолж, шилжилт хийх вэ гэдэгт Герман улстай хамтарч ажиллах нь бидний чухал зорилт гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөхөөс илүү ажил хэрэгч хуудас нээгдэж байна.

Германы сэтгүүлч: Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр та энэ айлчлалаар геополитикийн хувьд ямар мессеж өгч байгаа вэ?-Монгол, Герман хоёр орон үнэт зүйл нэгтэй улс. Бид олон улсын хууль дүрмийг дагадаг байх ёстой, хамтын ажиллагаа НҮБ-ын дүрэм, журмын дагуу нягт уялдаатай байх ёстой.

Ташрамд мэдээлэхэд, хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааны тухай баримт бичгийг 2008 онд байгуулсан. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ойгоор буюу ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлийн түвшинд хүргэлээ. Гуравдагч хөрш ХБНГУ нь Европын орнуудаас стратегийн түншлэл байгуулсан  анхдагч улс боллоо. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан бусад хэлэлцээр, тохиролцооны талаарх дэлгэрэнгүйг ЭНД-ээс унших боломжтой.

Өөрөөр хэлбэл, Герман, Монгол хоёр улс цаашид ямар салбарт, хэрхэн хамтран ажиллахаа ойлголцож, цаасан дээр буулгаж, түүнийгээ ажил хэрэг болгохоо зарлан гарын үсэг зурж баталгаажуулав.

Монгол Улс одоогоор АНУ, Япон, БНСУ, БНЭУ-тай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна