МАН Г.Сайханбаярыг эргүүлэн татна гэсэн ч СЕХ эцсийн шийдвэр гаргана

ALs
6-р сарын 17 -нд

Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга /Б.Б/ бусдын гарт амь насаа алдсан. Уг хэрэгтэй холбоотойгоор Ардчилсан Намын төлөөллүүд мэдэгдэл хийсэн юм.

Өнөөдөр МАН-аас энэхүү хэрэгтэй холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргасныг танилцуулав.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг МАН-ын сонгуулийн төв штабаас гаргасан болно.

Хуулийн хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гартал эрдэнэт хүний амь нас эрсэдсэн асуудлыг улс төржүүлэхгүй байхыг улс төрийн бусад нам болон нэр дэвшигчдэд уриалж байна" гэв.

Харин энэхүү улс төрийн шийдвэрийг тус намын дарга Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсний дараагаар эцсийн шийдвэр гарах юм.

Сонгуулийн хуульд зааснаар
Нэр дэвшигчийг хасах тухай  
75.1.Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
75.2.Нэр дэвшигч энэ хуулийн 35.3, 38.2, 48.1, 48.5.1, 48.5.2, 56.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө тогтоогдсон бол Сонгуулийн ерөнхий хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.
75.3.Саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол түүний нэрийг саналын хуудаст бичихгүй.
75.4.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч, хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг санал хураалтын дүнд оруулан тооцохгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна