Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцах шийдвэр гарсан.
Америкийн “Gilead Sciences Inс” компаниас “Булевиртид” эмийг авахаар болсон бөгөөд эхний хэсэг нь энэ сард багтан орж ирэх аж. Тиймээс уг эмийг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, зарцуулах журмыг батлахаар ажиллаж байна гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмийн нэг “Булевиртид” элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй. Манай улсад тус компанийн патент бүхий элэгний В, С вирусийн зарим эмийг эмчилгээнд хэрэглэж буй юм.
УИХ-аар D вирусийн эмчилгээнд хэрэглэх “Булевиртид” эмийг Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг батлуулсан.
Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөр орнуудын тоонд багтдаг.
Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын тархалт өндөртэй дэлхийн цөөн орны нэг. Элгийг хүчтэй гэмтээдэг В, D вирустэй иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрч байгаа нь манай орны хувьд тулгамдсан асуудал болсоор байгааг сайд онцлоод “Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн 5 орчим хувьд нь D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт" гэв.
Иргэдийг “Булевиртид” эмийн эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг ХӨСҮТ удирдан зохион байгуулж, эмчилгээний хяналтыг улсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, цаашид орон нутагт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хийдэг байхаар бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна уг эмчилгээг D вирусийн халдвартай хүн бүрт хийдэггүй. Эмнэлзүйн тусгай шалгуур, лабораторийн үзүүлэлтийг харгалздаг бөгөөд эмчилгээ удаан үргэлжилдэг, эмчилгээг зогсоох, дуусгах асуудлыг эмч нарын зөвлөл, багаар шийдвэрлэнэ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна