Мексик түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо

ALs
2024 оны 6-р сарын 04 -нд

Мексик улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарч, тус улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж байна.

Тодруулбал 61 настай, цаг уур судлаач, хотын дарга асан Клаудиа Шэйнбаум сонгогчдын 58.8 хувийг авснаар ялалт байгуулсан аж.

Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа хэлсэн үгэндээ одоогийн Ерөнхийлөгч Лопез Обрадорыг “Мексикийг сайнаар өөрчилсөн онцгой, өвөрмөц хүн” хэмээгээд түүнд талархаж буйгаа илэрхийлжээ.

Энэ ялалт "Мачо" соёлоороо алдартай, дэлхийн хоёр дахь том католик шашинтай Мексик улсын хувьд томоохон шинэчлэл болно гэж үзэж байна.Шэйнбаум АНУ, Мексик, Канадыг оролцуулаад Хойд Америкт сонгогдож буй анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм. Түүний түүхэн ялалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэжээ. 

Шэйнбаум халамжийн бодлогын өргөжүүлэхийн сацуу аюулгүй байдлыг сайжруулах амлалт өгсөн юм. Түүнийг ажлаа аваад хамгийн түрүүнд нүүр тулах бэрхшээл нь АНУ-ын хилээр дамжин Мексикт нэвтрэх цагаачдын асуудлын талаарх АНУ-тай хийх хэлэлцээ байх болно гэж үзэж байна. 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна