Өнгөрсөн баасан гаригт буюу тавдугаар сарын 10-ны өдрөөс ХАОС нэртэй экспериментал хөгжим, дүрсэх урлагийн олон улсын наадмын үйл ажиллагаа Улаанбаатар хотноо дөрвөн өөр байршилд нээлтээ хийлээ. Тус наадмын хүрээнд медиа урлаг, саунд, электрон хөгжмийн чиглэлээр олон улсад цоо шинэ урсгалыг бий болгож, дэлхийд хэдийнээ танигдсан уран бүтээлчид, монголын шилдэг контемпорари уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудыг Улаанбаатар хотноо энэ сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Энэхүү наадам нь хамгийн сүүлийн үеийн технологт суурилсан, дэлхийн түвшний онцгой бүтээлүүдийг эх орондоо үзүүлж байгаагаараа онцлог юм.Наадмын онцгой арга хэмжээ болох хөгжим, дуу авиа, медиа дүрслэлийн амьд тоглолт тавдугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд боллоо. Тус тоглолт дээр Австрали гаралтай Исланд хөгжмийн зохиолч, продюсер, Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмөөрөө олон сая хүний танил болсон уран бүтээлч Бен Фрост экспериментал хөгжмийн цувралаа, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн медиа урлагийн төрлөөр дэлхийд хамгийн нэр хүндтэй уран бүтээлчдийн нэгт тооцогддог Японы уран бүтээлч Риоичи Күрокава ‘subassemblies” нэртэй бүтээлээ, мөн монгол DJ Eid55558.55, Номт нар Итали VJ уран бүтээлч Марко Чичери нарын хамт хаалтын үдэшлэгт зориулан медиа бүтээл, электроник хөгжим хослуулан тоглолоо. Наадмын хоёр дахь хэсэг болох дуу авиа, дүрслэлийн үзэсгэлэнгүүд гурван өөр байршилд энэ сарын 20-ыг дуустал гарч байна. Тухайлбал уран бүтээлч Бен Фростын “Араатны өнгө” нэртэй үзэсгэлэн Теди төвийн урд байрлах Ancore Event Hall-д өдөр бүр 10.30-20.00 цагийн хооронд, уран бүтээлч Рёичи Күрокавагийн “дахин нэгдэл” нэртэй үзэсгэлэн МҮОНРТ-ийн урд байрлах Black Box Театрт өдөр бүр 10.30-20.00 цагийн хооронд, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, монгол уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэн ХУД-ийн Хаан Банк Тауэрийн 3 давхарт байрших Хаан Галерейд өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд гарч байна. Бен Фростын “Араатны өнгө” үзэсгэлэн нь 24 суваг чанга яригчийг өндөр таазтай харанхуй орон зайнд байршуулж тус тусын сувгаар дамжин орон зайнд тархах олон давхар дуу авианаас бүтэх ба дуу авиан долгионууд нь үл ойлгогдох аюулд хариу үйлдэл үзүүлэх араатнууд, тэдний өөрийгөө хамгаалах зөн авирыг санагдуулах аж. Энэ тэрүүгээр шилжин сонсдох чимээ нь зогсолтгүй хувирах хөг яруу орчинг бүрдүүлж амьд буй, амьсгалж буйн бодит чимээний дуу авиан нийлмэл орчинг бүрдүүлжээ. Рёичи Күрокава нь “re-assembli” буюу “Эргэн нэгдэл” үзэсгэлэнгээрээ байгалийн болон хүний бүтээлийн харилцан уялдааг архитектурын өнцгөөс харуулахыг зорьжээ. Энэхүү бүтээл нь лазерын тусламжтайгаар хуулбарласан хотын барилга байгууламж, эзэнгүй балгас, байгалийн гурван хэмжээст өгөгдөл дээр суурилсан гэнэ. Байгалийн эрхшээлээр сүйрч, өгөршиж гандсан балгас, барилга байгууламжууд агшин зуур дахин сэргэж, энэхүү ер бусын үзэгдлийн олон давхаргат зураглалын хэмжээс нь хувирал, сүйрэл, дахин төрөлтөөр дамжин байгаль болоод хүний бүтээл, хийсвэрлэл болоод бодит үзэгдлийн дунд хөвөх төсөөллийг нэмэгдүүлэх аж.
Диана Честер, Ж.Ариунтуяа нарын “Зааг” үзэсгэлэн нь амьдрал ба үхэл, эхлэл ба төгсгөл, чийгшил ба хуурайшил, эд хоорондын заагийн тухай юм. Энэхүү хамтын төслөө хэрэгжүүлэхийн тулд Диана, Ариунтуяа нар 2023 онд говь нутгийг зорин 1000 гаруй км замыг туулж, Хонгорын элс, Баян заг, Ёлын ам, Мухар шивэрт зэрэг газруудаар аялж, алга болсон булаг шанд, гол мөрний улбаа, гүн мөсөн хавцал, палеонтологийн газар, элсэн цөл зэргийг судлан ажиж, байгалийн дуу чимээ, дүрсний бичлэг хийж, баримтжуулан үзэсгэлэнд зориулсан материал, санаагаа цуглуулаад иржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна