Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг буцаалаа

ALs
4-р сарын 11 -нд

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа. “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганаар баталсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2007 онд соёрхон баталсан аж.

Энэхүү хэлэлцээр нь олон улсын ач холбогдол бүхий төмөр замын шугамуудыг тодорхойлсон. 

Хэлэлцээрт оролцогч талууд тус тусын бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлбэл зохих уялдуулсан төлөвлөгөө хэлбэрээр батлагджээ. 2024 оны 12 дугаар сарын байдлаар хэлэлцээрт оролцогч 25 улс байгаагаас Орос, Хятад багтжээ.

Транс-Азийн төмөр замын сүлжээний ажлын хэсгийн 2023 оны хуралдаанаар тус хэлэлцээрт төмөр замын тээврийн мэдээллийг цахимаар солилцох ерөнхий зарчмуудыг баталсан аж.

Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, түүнчлэн төмөр замууд болон хилийн хяналтын байгууллага (Гаалийн байгууллага)-ууд хооронд харилцан цахим мэдээлэл солилцохтой холбоотой зохицуулалтыг уялдуулах суурийг бий болгожээ.

Монгол Улс нь тус хэлэлцээрийн оролцогч улсын хувьд хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд нэгдсэнээр бусад орнуудтай нэг зарчимд тулгуурлан төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох, энэ талаар нарийвчилсан хоёр талт болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах боломж бүрдэнэ.

Ингэснээр төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хил дамнасан, цаасгүй худалдааг хөнгөвчлөхөд түлхэц үзүүлнэ гэж сайд Б.Дэлгэрсайхан танилцуулав.

Энэ сүлжээнд нэгдсэнээр

  • Хил, гаалийн хяналтыг цаасгүй болгон хөнгөвчлөн, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд учирдаг чирэгдэл байхгүй болж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ.
  • БНХАУ-аас тээвэрлэгдэн ирж буй бараа бүтээгдэхүүнд хоёр улсын гааль тус бүр дээр бүрдүүлэлт хийж иргэд, аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлдэг асуудлыг цэгцлэх эхлэлийг тавина.
  • Нэг талдаа хийсэн гаалийн бүрдүүлэлт хоёр талдаа ижил байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, татвараас зайлсхийх боломжгүй болж, цаг хугацаа хэмнэнэ.
  • Эдийн засгийн ач холбогдолтой.
  • Төмөр замаар холбогдож байгаа бүх орнууд, ялангуяа гуравдагч орноос орж ирж байгаа чингэлэг, ачааны талаарх мэдээллийг ачуулсан улсын гаалийн албанаас ачаа ирэхээс өмнө түрүүлж цахимаар авч, бүртгэлийн сандаа оруулах нөхцөл бүрдэнэ.
  • Гаалийн татвараас зугтах, татварыг багасгах, барааны тоо, хэмжээг багасгах боломжгүй болно.  

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн ч УИХ дэмжсэнгүй. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна